Улс төрийн намуудын санхүүжилт, гишүүнчлэл, орон нутгийн сонгууль дахь улс төрийн намын оролцоог боловсронгуй болгох нь

Mongolian

pdf (1MB)

Download

Улс төрийн намуудын санхүүжилт, гишүүнчлэл, орон нутгийн сонгууль дахь улс төрийн намын оролцоог боловсронгуй болгох нь

October 15, 2014

Улс төрийн намууд, тэдгээрийн хоорондын шударга өрсөлдөөн ардчиллын амин чухал нөхцөл болдгийг дэлхийн улс орнууд дахь ардчиллын түүхэн хөгжлөөс харж болно. Ялангуяа дарангуйллаас шилжилт хийж буй орнуудын ардчиллын бэхжилтэд намын тогтолцооны төлөвшлийн асуудал ихээхэн чухал нөлөөтэй юм.

Германы судлаач Насмахер орчин үеийн Өрнөд Европ, Умард Америкийн ардчиллын түүх бол үндсэндээ бол нам төвт ардчиллын туршлага бөгөөд улс төрийн намгүйгээр ардчиллыг бүтээн байгуулах оролдлогууд амжилтгүй болж байсан гэсэн байдаг. Тийм учраас аливаа улс орны улс төрийн тогтолцоо, тэр дундаа дарангуйлагч дэглэмээс ардчилалд шилжиж буй орнуудын улс төрийн үйл явцад улс төрийн намын төлөвшил чухал үүрэгтэй юм.

Монгол улсын хувьд олон намын тогтолцоо бүхий ардчилсан дэглэмд шилжээд 24 жил болж байна. 1990 онд Улс төрийн намуудын тухай хуулийг баталснаар хуучны эрх баригч нэг намын тогтолцоог халах, улс төрийн шинэ намууд байгуулагдах эрх зүйн үндсийг тавьсан билээ. Улмаар 1992 оны Үндсэн хуулиар улс төрийн намыг үндсэн хуулийн түвшинд баталгаажуулсан билээ. Ийнхүү олон намын тогтолцоо төлөвшөөд 24 жил болох хугацаанд нийт 26 улс төрийн нам байгуулагдсанаас 9 нь татан буугдах юмуу бусад намуудтай нэгдсэнээр өдгөө Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй 22 нам байна. Гэвч эдгээрээс орчин үеийн улс төрийн намын шалгуурыг хангах хэмжээнд төлөвшсөн нь цөөхөн юм. Өнгөрсөн хугацаанд Монгол улсын Ерөнхийлөгчийн , Улсын Их Хурал, Орон нутгийн хурлын нийт 18 сонгууль болж өнгөрснөөс Монгол Ардын Нам, Ардчилсан Намаас гадна ердөө 5 улс төрийн нам УИХ, Орон нутгийн хурлуудад ямар нэгэн хэмжээгээр төлөөллөө сонгуулж байжээ. УИХ-д суудалгүй жижиг намуудын зарим нь Дээд шүүхэд бүртгэгдсэн төдий л байгаа болохоос идэвхтэй улс төрийн үйл ажиллагаа явуулж чадахгүй байна.