Малын тоо толгойг бууруулахад зөв урамшуулал, механизм чухал үүрэгтэй

January 13, 2021

Монгол орны бэлчээрийн даац ихэнх аймагт 2-7 дахин давж, бэлчээрийн газрын 70 гаруй хувь нь доройтолд оржээ. Зураг/ENSURE

Б.Эрдэнэбилэг, Төслийн Үндэсний зохицуулагч, “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төсөл

Монгол орны бэлчээрийн даац ихэнх аймагт 2-7 дахин давж, бэлчээрийн газрын 70 гаруй хувь нь доройтолд оржээ. 2019 оны байдлаар Монгол Улсын малын тоо толгой 70.9 саяд хүрээд байгаа нь бэлчээрийн даацаасаа хонин толгойд шилжүүлснээр 33 саяар хэтрээд байна.

Бэлчээр талхлагдаж доройтох үйл явц нь уур амьсгалын өөрчлөлт, малын тоо толгойн хэт өсөлт, сүргийн бүтцийн өөрчлөлт, бэлчээрийг сэлгээж амраахгүй ашиглах зэрэг хүчин зүйлээс шалтгаалан тасралтгүй нэмэгдэж байгаа энэ үед бэлчээрийн даацад нөлөөлж буй дарамт бэрхшээлийг шийдвэрлэх яаралтай, тодорхой арга хэмжээг нэн даруй авах шаардлагатай байгааг тодорхой харуулж байна.

Малын тоо толгойн хэт өсөлттэй холбоотой бэлчээрийн газрын доройтол нь Монгол орны байгаль орчныг доройтуулж, биологийн олон янз байдлыг алдагдуулан, малын чанарыг бууруулах, мал давжаарах зэрэг олон асуудлын нэг томоохон шалтгаан болж байна. Малчдын амьжиргаа, мал аж ахуйгаас олж буй орлого нь малын тооноос хамаарч байгаа нөхцөлд малын тоог бууруулах талаар малчдад шахалт үзүүлэх, хяналт тавих оролдлого нь хүндрэлтэй бөгөөд бодит амьдралд хэрэгжих боломжгүй юм.

Эдгээр тулгамдсан асуудал, бэрхшээлийг шийдвэрлэх зорилгоор Даян Дэлхийн Байгаль Орчны Сангийн санхүүжилттэйгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ), Хүнс, Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ), НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ)-өөс хамтран хэрэгжүүлж буй “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төсөл хангайн болон өмнийн говийн төлөөлөл болох Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймгийн 13 суманд бэлчээрийн тогтвортой менежментийн хөтөлбөрийг 300 мянга орчим га газарт малын тоо толгойг бууруулахаар хэрэгжүүлж эхлээд байна.

Тус хөтөлбөрийг хэрэгжүүлж буй газрын нэг болох Архангай аймгийн Өлзийт сумын 28 малчны бүлэг 2020 онд өрхийн орлогоо бууруулахгүйгээр малын тоо толгойгоо 21.4 хувиар бууруулж зорилгоо давуулан биелүүлсэн үр дүн үзүүлсэн бол тус сумын хөтөлбөрт хамрагдаагүй малчдын малын тоо толгой ердөө 5.6 хувь, сумын хэмжээнд 8%-иар буурсан байна.

Малын борлуулалтыг урамшуулах, бэлчээрт үзүүлэх дарамтыг сааруулах арга хэмжээг санхүүжүүлэх зөв урамшуулал, механизм нь тодорхой амжилтад хүргэж байгааг энэ үр дүн нотлон харуулж байна.

Төсөл хэрэгжиж буй сумдын нийт малчин өрх, сумын захиргааны удирдах ажилтан, мэргэжилтнүүдэд төслийн зорилго, үйл ажиллагаа, малчдад хүрэх үр өгөөжийн талаар бодитой ойлголт өгөх нүүр тулсан сургалт зохион байгуулсны үр дүнд төслийн сонгогдсон газар нутгийн малчдын 15 хувь нь бэлчээрийн менежментийн хөтөлбөрт сайн дураараа нэгдсэн бөгөөд тэд хэрэгжүүлэх арга хэмжээ, үр өгөөжийн талаар тодорхой ойлголттой болж, малын тоо толгойгоо бууруулах, Мал аж ахуйн эрсдлийн санд сайн дураараа хувь нэмэр оруулах үүрэг хүлээгээд байна.

Өнөөдрийн байдлаар нийт 227 малчдын бүлэг өрхийн орлогоо бууруулахгүйгээр малын тоо толгойгоо жилд 5 орчим хувь бууруулах 5-15 жилийн хугацаагаатай Бэлчээр ашиглах гэрээг байгуулсан бөгөөд энэ нь төслийн зорилтоос 2 дахин их буюу 600 орчим мянган га бэлчээрийг хамарч байна.

Хэдийгээр малчид бэлчээрийн доройтол, малын чанар буурч байгааг мэдэж байсан хэдий ч цаашид тогтвортой байдлаар өөрчлөлт хийх арга замын талаар төдийлөн мэдээлэл муутай байлаа. Малчид малынхаа чанарыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ орлогоо бууруулахгүйгээр малынхаа тоог цөөрүүлэх боломжтой тухай мэдээлэл авсанаар уг хөтөлбөрт сайн дураараа идэвхитэйгээр нэгдэж байна.

НҮБХХ олж авсан сургамж, туршлагаа холбогдох яамдтай хуваалцаж байгаагийн зэрэгцээ бэлчээрийн даац хэтрэлттэй холбогдон гарч буй асуудлуудыг шийдэх Монгол Улсын Засгийн газрын хүчин чармайлтыг дэмжиж ажиллах боломж олгосонд баяртай байна. Монгол Улсын Их Хурал 2020 онд малын тоо толгойн албан татварын тухай хуулийг баталж, Монгол Улсын Засгийн газар байгаль орчинд ээлтэй мал аж ахуй эрхэлж буй амжилтанд үндэслэн Улсын аварга малчны шагналыг шинэчлэн батлах зэргээр эдгээр бэрхшээлийг шийдвэрлэх тогтвортой ахиц дэвшил гаргасаар байна.

Бид урагшлаж байгаачлан бидний олж авсан сургамж, бидний харж байгаа бодит үр дүн энэ санаачлагад илүү олон малчид сайн дураараа гарын үсэг зурж үндэсний хэмжээнд хэрэгжинэ гэдэгт би итгэж байна.

-----------------------------------------------------------------------------------------------------------------

НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал, уур амьсгалын өөрчлөлтийн шударга бус байдлыг арилгахын төлөө тэмцэж буй НҮБ-ын тэргүүлэгч байгууллага юм. Бид 170 улс орны мэргэжилтнүүд, түншүүдийнхээ өргөн сүлжээтэй хамтран ажиллаж, улс үндэстнүүдэд хүн төрөлхтөн, дэлхий ертөнцөд зориулагдсан цогц, удаан хугацааны шийдлийг бий болгоход нь тусладаг.

Илүү дэлгэрэнгүйг: mn.undp.org or follow at @UNDPMongolia.