СОНГУУЛИЙН МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ЭРХЗҮЙН ОРЧИНГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ

Mongolian

pdf (1MB)

Download

СОНГУУЛИЙН МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ЭРХЗҮЙН ОРЧИНГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ

December 16, 2013

Монгол Улсын шинэ Үндсэн хууль 1992 оны нэгдүгээр сарын 1З-ны өдөр Улаанбаатар хотноо батлагдсанаас хойш даруй 22 жил өнгөрчээ. Энэ хугацаанд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль гурван удаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль хоёр удаа, орон нутгийн сонгуулийн тухай хууль гурван удаа удаа тус тус шинэчилсэн найруулгын хэмжээнд батлагдаж Улсын Их Хурлын сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын сонгууль тус бүр долоон удаа явагдаж өнгөрчээ.

Сонгуулийн хуулиуд богино хугацаанд дахин дахин өөрчлөгдөж байдаг нь нэг талаас улс төрийн явцуу эрх ашигтай холбоотой байдаг боловч нөгөө талаас тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийг зохицуулах харилцааны хувьд илүү боловсронгуй болгох улс төрийн хүсэл эрмэлзэлтэй мөн холбоотой байдаг билээ.

Монгол Улсад гурван төрлийн бүх нийтийн сонгууль явагддаг ба эдгээр сонгуулийг зохион байгуулах үндсэн баримт бичиг болох сонгуулийн хууль нь тус тусдаа байдгаас шалтгаалж хууль хоорондын зөрчилдөөн, эрхзүйн ойлголтын зөрүү байнга үүсдэг. Сонгуулийн хуулиудад ижил, төстэй харилцааг зохицуулсан зүйл заалтууд олон тоогоор байдаг, нэг ойлголтыг хуулиуд өөр өөрөөр зохицуулсан байдаг гэх мэт олон учир шалтгааны улмаас сонгуулийн хуулиудыг нэгтгэх, нэгдсэн ойлголттой болгох асуудал эрдэмтэн, судлаач, хуульч, улстөрчдийн дунд байнга яригддаг байсан билээ.

Харин энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс Улсын Их Хуралд “Сонгуулийн нэгдсэн хууль” төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Сонгуулийн хууль тогтоомжийн шинэчлэл, боловсронгуй болгох хүрээнд зайлшгүй тусгайлан авч үзэх асуудал бол сонгуулийн маргаан шийдвэрлэх эрхзүйн зохицуулалт юм.