Монголын Тогтвортой Ноолуурын Платформ нь 2020/11/20-нд албан ёсны нээлтээ хийж анхдугаар Нэгдсэн Хуралдаан зохион байгуулахаар товлолоо

September 23, 2020

Mongolian Sustainable Cashmere Platform Steering Committee Members - 18 September 2020

2020 оны 9-р сарын 18, Улаанбаатар - НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дэргэдэх Монголын Тогтвортой Ноолуурын Платформ нь 2020 онд байгуулагдсан цагаас хойш оролцогч талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх олон чухал ажлуудыг дараах үндсэн чиглэлд зохион байгуулаад байна. Үүнд:

· “Тогтвортой Ноолуур”-ын ойлголт, тодорхойлолтын талаарх зөвшилцлийг бий болгох

· Системийн сэтгэлгээний аргачлалын дагуу боловсруулсан “Ковид-19 цар тахлын дараах ноолуурын салбарын тогтвортой сэргэлт” санал зөвлөмж

· “Тогтвортой” зорилгын төлөө тууштай хамтран ажиллах дотоодын болон олон улсын өргөн цар хүрээг хамарсан оролцогч талуудыг бий болгох чиглэлээр тус тус холбогдох ажлуудыг шат дараатайгаар зохион байгуулж байна.

Монголын Тогтвортой Ноолуурын Платформын Удирдах Зөвлөлийн хурлаар 2020 оны 11-р сарын 20-ны өдөр “Нэгдсэн хуралдаан” зохион байгуулахаар албан ёсоор товлоод байна. Нэгдсэн хуралдаан нь Монголын ноолуурын салбарыг тогтвортой, өрсөлдөх чадвартай болгох хамтын үйл ажиллагааг эхлүүлэх, хурдасгах зорилго бүхий олон талт хамтын ажиллагааны зөвшилцөл байх юм.

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Монгол улс дахь Суурин төлөөлөгч хатагтай Илейн Конкиевич хурлыг нээж үг хэлэх үеэрээ Монголын ноолуурын салбарын тогтвортой байдлыг чухалчлан “Ноолуур бол Монголын эдийн засаг тэр дундаа малчдын аж амьдралд амин чухал салбар бөгөөд Монголын нүүдлийн соёл уламжлалд чухал нөлөөтэй юм. Тиймээс ноолуурын салбарыг тогтвортой болгох энэхүү Платформыг байгуулсан нь Монголын ард түмэн, Монголын ирээдүйд оруулж буй чухал хувь нэмэр гэж бид итгэж байна” хэмээн онцолсон юм.

Ноолуурын нийлүүлэлтийн сүлжээн дэх гарал үүслийг тодорхойлох үйл явц болон ил тод байдал нэмэгдэх хэрээр олон улсын томоохон худалдан авагчид тогтвортой үйлдвэрлэл, бүтээгдэхүүний баталгаажуулалтыг эдийн засаг, нийгэм, байгаль орчны бүхий л агуулгаар бий болгохыг хүсэмжилж байна. Тиймээс 11-р сарын 20-нд зохион байгуулахаар төлөвлөж буй Нэгдсэн хуралдаанаас хүлээх гол үр дүнгийн нэг нь бүх талууд санал нэгдсэн “Тогтвортой Ноолуур” хэмээх тодорхойлолтыг гарган зөвшилцөлд хүрэх юм. Үүнээс гадна салбарын “Алсын хараа”-г хамтран тодорхойлж, “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулахаар төлөвлөж байна.

Монголын Тогтвортой Ноолуурын Платформ нь тогтвортой ноолуурын нийлүүлэлтийн сүлжээг тойрсон түлхүүр асуудлуудыг өргөн цар хүрээнд хэлэлцэхийн тулд малчид, олон улсын худалдан авагчид, иргэний нийгмийн байгууллагууд, төр, засгийн байгууллагууд зэрэг бүх талын оролцогчдыг системчилсэн аргачлалаар дэмжин ажиллаж байна.

Нэмэлт мэдээлэл

Монгол улсын нийт газар нутгийн 77% нь цөлжилт болон хөрсний доройтолд өртөж, их хэмжээний газар нутагт бэлчээрийн даац хэтрээд байна. Өнгөрсөн 70 жилийн хугацаанд агаарын дундаж хэм 2°C нэмэгдэж дэлхийн дулаарал нөхцөл байдлыг улам дордуулж байна. 1990 он хүртэл квотын зохицуулалт малын тоо толгойн өсөлтийг хязгаарлаж байв. Харин үүнээс хойш ямааны тоо толгой л гэхэд 5.1 саяаас 27 саяд хүрч өсөөд байна. Мал маллаж буй нийт 233 мянга гаруй малчин өрх байгаа нь нийт хүн амын 25% орчмыг бүрдүүлж байна.

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ) нь хөгжиж буй улс орнуудад Тогтвортой Хөгжлийн Зорилтуудын хүрээнд гаргаж буй ахиц дэвшлүүдийг хурдасгахад дэмжлэг үзүүлдэг. Улс орны эдийн засгийн чухал хөдөлгөгч хүч болсон хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн салбарт системийн өөрчлөлт авчрах ажилд дэмжлэг үзүүлэх нь түлхүүр чиглэл билээ. НҮБХХ нь улс орны хэмжээнд бодит өөрчлөлт авчрахын тулд түүхий эдийн нийлүүлэлтийн сүлжээний бичил хэсгүүд болох малчид, тариаланчдаас

эхлэн бүх оролцогч талуудыг системчилсэн загвар ашиглан нэгтгэх замаар улс орнуудтай хамтран ажиллаж байна.

НҮБХХ-ийн тухай

НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг.

Нэмэлт мэдээллийг:

О. Одгэрэл

Мэдээлэл, харилцаа хариуцсан ажилтан

Тогтвортой Ноолуурын Платформ

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр

Утас: +976 9902 3005 И-мэйл: odgerel.oyungerel@undp.org