Монгол Улсын Бизнес ба Хүний эрхийн Үндэсний Хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг болон бусад холбогдох байгууллагын төлөөллүүд сургалтад хамрагдлаа

September 24, 2020

Ulaanbaatar, 24 September 2020, UN House

Улаанбаатар хот, 2020 оны 9-р сарын 24: НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр Бангкок дахь бүсийн төв оффис болон Ази Номхон далайн Бизнес ба Хүний Эрхийн Хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Гадаад Харилцааны Яамтай хамтран “Бизнес ба Хүний Эрх” сэдэвт зайны гүнзгийрүүлсэн сургалтыг НҮБ-ын төв байранд зохион байгууллаа. Ковид-19 цар тахлаас үүдэн дэлхий дахинд хүний эрхийн зөрчил хурдацтай өсөн нэмэгдэж буй онцгой цаг үед зохион байгуулагдаж байгаа энэ сургалт нь МУ-ын “Бизнес ба Хүний эрхийн Үндэсний үйл ажиллагаа төлөвлөгөө”-г боловсруулах ажлын хэсгийн гишүүд болон хэрэгжүүлэх салбар бүрийн голлох талуудад мэдлэг, мэдээлэл олгох анхны томоохон хэмжээний арга хэмжээ гэдгээрээ чухал ач холбогдолтой юм.

2011 онд НҮБ-ын Хүний Эрхийн Дээд Комиссарын Газраас хариуцлагатай бизнесийн зарчмуудыг дэмжих, цаашид хэрэгжүүлэх талаарх дэлхийн хамгийн нөлөө бүхий суурь зарчим болох “НҮБ-ын Бизнес ба Хүний эрхийн удирдах зарчмууд”-ыг батлан гаргасан. Хүний эрхийг хамгаалах төрийн үүрэг, бизнесүүд хүний эрхийг хүндэтгэх хариуцлага, болон зөрчигдсөн эрхийг сэргээх механизм нь уг зарчмын голлох гурван тулгуур юм.

Уг зарчмуудад үндэслэн улс орон бүр өөрийн онцлогт тохирсон Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж байгаа ба Монгол Улс 2018 онд ГХЯ-ны манлайлал дор төр, хувийн хэвшил болон иргэний нийгмийн төлөөллүүдийн өргөн оролцоотойгоор Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах ажлыг эхлүүлээд байна. Энэ ажлын хүрээнд Бизнес ба Хүний эрхийн Үндэсний Суурь Үнэлгээг ажлын хэсгээс боловсруулсан нь үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулахад чухал алхам болж байна. Түүнчлэн 2019 онд НҮБ-ын Бизнес ба Хүний Эрхийн ажлын хэсгийн голлох мэргэжилтнүүд Монгол улсад айлчилж Үндэсний Хөтөлбөрийг боловсруулах бодлого чиглэлийг тодорхойлоход санал зөвлөмж өгсөн.

Энэхүү үйл явц дээр түшиглэн НҮБХХ нь МУ-ын Засгийн газарт Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөгөө боловсруулахад техникийн зөвлөгөө туслалцаа үзүүлж хөгжлийн бодлого боловсруулах, шаардлагатай үнэлгээ дүгнэлтийг хийх, бизнесүүдээс үүдэлтэй зөрчигдсөн эрхийг сэргээх механизмыг боловсруулах, хариуцлагын тогтолцоог сайжруулж, илүү тогтвортой ирээдүйг бий болгохын төлөө иргэний нийгмийн байгууллагууд болон аж ахуйн нэгжүүдийг дэмжин ажиллах юм. Мөн түүнчлэн Европын Холбоо бизнес ба хүний эрхийн хүрээнд НҮБХХ-тэй Ази-Номхон далайн бүсийн хэмжээнд хамтардаг ба энэ чиглэлд хамтран ажиллаж туршлагаа хуваалцахад бэлэн байгаа юм.

НҮБХХ-ийн Суурин Төлөөлөгч хатагтай Илейн Конкиевич арга хэмжээний нээлтэд хэлсэн үгэндээ “Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан гаргаснаар хувийн хэвшлүүд хүний эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд дагаж мөрдөх тодорхой журам, аргачлал, хууль эрх зүйн орчин бий болох чухал ач холбогдолтой. НҮБХХ-ийн зүгээс Монгол Улсын Засгийн газарт Бизнес ба Хүний Эрхийн анхны үйл ажиллагааны төлөвлөөгөөгөө боловсруулан, хүний эрхийг хамгаалах

чиглэлээр ахиц дэвшил гаргаж байгаад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаадаа таатай байна.” гэсэн юм.

Европын Холбооноос Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Христеа нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Европын Холбоо бизнесүүдийн өрсөлдөх чадварыг сайжруулах, бизнесийн үйл ажиллагаанаас үүдэлтэй хүний эрхийн зөрчлүүдээс илүү сайн сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх механизмыг бий болгох хүрээнд олон улсад ‘НҮБ-ын Бизнес ба Хүний эрхийн Удирдах зарчмууд’-ын хэрэгжилтийг сайжруулахын төлөө ажиллах өндөр хүсэл эрмэлзлэлтэй байгаа” гэсэн юм

НҮБХХ-ийн тухай

НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий НҮБ-ын тэргүүлэх байгууллага юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн сайн сайхны төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг.

Дэлгэрэнгүйг mn.undp.org эсвэл @UNDP хаягаар авна уу.

Нэмэлт мэдээллийг:

О. Эрдэнэсүх

Мэдээлэл, харилцаа хариуцсан ажилтан

Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр

Утас: +976 9909 6434 И-мэйл: erdenesukh.otgonbayar@undp.org