Төрийн албаны хүний нөөцийн ажилтнууд оролцсон “Чадахуйн зарчмын хэрэгжилт ба хүний нөөцийн аудит” сургалт болж байна

September 24, 2020

Ulaanbaatar, 24 September 2020, Shangri-La Hotel.

2020 оны 9 дүгээр сарын 24, Улаанбаатар: Монгол Улсын Төрийн Албаны Зөвлөл (ТАЗ) болон Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ) хамтран “Чадахуйн зарчмын хэрэгжилт ба хүний нөөцийн аудит” сургалтыг төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, гишүүд, 21 аймаг, яамдын хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтнуудад зориулан Шангри-Ла зочид буудалд зохион байгуулж байна.

2019 оны 1 дүгээр сараас хэрэгжиж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн албанд хүний нөөцийн аудит (ХНА) хийх үүрэг, хариуцлага ТАЗ-д шинээр нэмэгдсэн. Хүний нөөцийн аудит нь харьцангуй шинэ сэдэв бөгөөд сонгон шалгаруулалт, томилгоо, албан тушаал дэвших, шилжилт, үнэлгээ, урамшуулал, сахилгын арга хэмжээ, ёс зүйн дүрэм зэрэг төрийн албаны хүний нөөцийн удирдлагын бүхий л асуудлыг хамруулах боломжтой. Сургалтын үеэр Канадын хүний нөөцийн мэргэжилтнүүд Канадад хүний нөөцийн аудит хийж буй туршлагаас танилцуулна.

Тус сургалт нь төрийн албаны шинэтгэлийн гол зорилтуудыг хэрэгжүүлж, ёс зүйтэй, тогтвортой, хараат бус, жендэрийн тэгш эрхийг хангасан, мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэхэд чиглэсэн нэг чухал алхам болж байна. Сургалтыг Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр НҮБХХ болон ТАЗ хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд зохион байгуулж байна.

НҮБХХ-ийн тухай

НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг.

Дэлгэрэнгүйг mn.undp.org эсвэл @UNDP хаягаар авна уу.

Нэмэлт мэдээллийг:

О. Эрдэнэсүх

Мэдээлэл, харилцаа хариуцсан ажилтан

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн

Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар

Утас: +976 9909 6434 И-мэйл: erdenesukh.otgonbayar@undp.org