--- Image caption ---

Улаанбаатар, 2020 оны 12 дугаар сарын 22: 2020 оны 5-р сард баталсан Европын Холбоо (ЕХ)-ноос  Монгол Улсад үзүүлэх 50.8 сая еврогийн Төсвийн дэмжлэгийн хөтөлбөрийн эхний 16 сая еврогийн санхүүжилт хийгдлээ. Тус хөтөлбөрийн хүрээнд “Монгол улсад Тогтвортой Хөгжлийн Зорилгуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөл өнөөдөр нээлтээ хийж байгаа бөгөөд цар тахлын нийгэм-эдийн засгийн үр нөлөөг бууруулах хүчин чармайлтанд хувь нэмэр оруулах юм. Төсөл нь үр дүнд суурилсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлт, зохистой хөдөлмөрийг дэмжих, төсөв санхүүгийн удирдлагыг бэхжүүлэх, улмаар Тогтвортой Хөгжлийн Зорилгуудад хүрэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой.

Төслийн хүрээнд Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран  ажиллах бөгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс уг төслийг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.

Нээлтийн үеэр Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Христеа төсвийн дэмжлэг нь ЕХ-ны хөгжлийн туслалцааг Монгол Улсын нийгмийн салбарын шинэчлэлийн зорилттой нийцүүлж буй үр дүнтэй механизм гэдгийг онцлон дурдав. “Төсвийн дэмжлэг нь ялангуяа цар тахлын хүнд цаг үед Засгийн газраас хүн ардынхаа аж амьдралыг сайжруулах хөгжлийн гол зорилтоо хэрэгжүүлэхэд санхүүгийн нэмэлт боломж олгож байна.

Энэхүү буцалтгүй тусламж нь залуучууд, эмзэг бүлгийн хөдөлмөр эрхлэлт, зохистой хөдөлмөрийг дэмжих, улмаар Засгийн газар орлогын удирдлагаа сайжруулах замаар хүртээмжтэй, тогтвортой өсөлт бий болгоход хувь нэмэр оруулна” хэмээв.

2018 оны байдлаар МУ-ын нийт хүн амын 28.4% нь ядуурлын түвшинд, мөн 15% нь ядуурлын түвшинд дөхсөн байсан ба ажилгүйдэл, ялангуяа цар тахлын хувийн хэвшил, хөдөлмөрийн салбарт үзүүлж буй сөрөг нөлөөний улмаас тэгш бус байдал  нэмэгдэж байгаа нь тулгамдсан асуудлын нэг болж байна. Цар тахал ТХЗ-ыг биелүүлэхэд гарсан ахиц дэвшлийг удаашруулах, ухраах хэмжээний сорилт бий болгоод байгаа тул ТХЗ-ыг биелүүлэхийн төлөө бүх тал хүчин чармайлтаа сайжруулах шаардлагатай болж байна.

“Монгол Улс нотолгоо, үр дүнд суурилсан төлөвлөлт, төсвийн төлөвлөлт, хяналт үнэлгээ болон тайлангийн системд шилжиж байгаа нь сайшаалтай юм. Ажлын байр бий болгох, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, эмэгтэйчүүд, алслагдсан нутагт амьдарч буй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дээшлүүлэх энэ чухал төсөлд хамтран ажиллах боломж олгосон Европын Холбоонд мөн талархаж байна” хэмээн НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч Илейн Конкиевич хэлэв.

Тэрээр мөн “НҮБХХ нь Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, зохистой хөдөлмөрийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийн салбарт төрийн үйлчилгээг үр дүнтэй, хариуцлагатай, шуурхай хүргэх, төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах, институцийн чадавхийг сайжруулах чиглэлээр бүх талуудтай ойр нягт хамтран ажиллах болно” хэмээв.

Европын Холбооны тухай

ЕХ нь түнш орнуудын системд тулгуурлан үр дүнтэй, уян хатан дэмжлэг үзүүлэх зорилготой. ЕХ түнш орнуудтайгаа 4 гол зорилгын хүрээнд хамтарч ажилладаг. Үүнд ардчилалыг бэхжүүлэх, эдийн засаг болон хүний хөгжлийг дэмжих, хууль хэрэгжилт, мөрдөлтийг дэмжих болон хүний эрхийг хүндлэх мөн энх тайван, тогтвортой болон аюулгүй байдлыг түгээх ордог. Монгол Улсад ЕХ-ноос 2014-2020 онд үзүүлж буй хөгжлийн дэмжлэгийн хөтөлбөр нь хүртээмжтэй, тогтвортой хөгжлийн төлөө орлогын засаглалыг сайжруулах болон ажил олголтыг нэмэгдүүлэх гэсэн үндсэн хоёр бүрэлдэхүүнтэй. ЕХ-ноос нийтдээ 50 гаруй сая еврогийн өртөг бүхий 32 төслийг олон улсын түнш байгуулагуудтай хамтаар МУ-ын эрх баригчид болон бусад байгуулагуудтай хамтран хэрэгжүүлж байна.

НҮБХХ-ийн тухай

НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг. Дэлгэрэнгүйг mn.undp.org эсвэл @UNDP хаягаар авна уу.

НҮБХХАБ-ын тухай

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага нь хүн бүр цаг ямагт эрүүл чийрэг оршин  амьдрахад шаардлагатай хоол, хүнсний хэрэглээ, шим тэжээлийн нөхцлийг сайжруулах, хөдөө аж ахуйн бүтээмжийг бүх түвшинд нэмэгдүүлэх, хөдөөгийн хүн амын амьжиргааг сайжруулах замаар дэлхийн эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, өлсгөлөнг зогсоохыг зорин ажиллаж байна.

ОУХБ-ын тухай

Зохистой хөдөлмөрийг дэмжиж, нийгэмд шударга ёсыг бэхжүүлье. Олон улсын хөдөлмөрийн байгууллага нь НҮБ-ын хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрөлжсөн агентлаг юм. Бид засгийн газар, ажил олгогч, ажилтны нийгмийн түншлэл, хэлэлцээг хөгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэн, хөдөлмөрлөх эрхийг хамгаалж, хүн бүрийг нийгмийн хамгаалалд хамруулахдаа хүн төвтэй хөтөлбөрийг хэрэгжүүлэн хөдөлмөрийн сайхан ирээдүйг бүтээхийг зорьж байна.

 

Нэмэлт мэдээллийг:

О. Эрдэнэсүх

Мэдээлэл, харилцаа хариуцсан ажилтан

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн

Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар

Утас: +976 9909 6434

И-мэйл: erdenesukh.otgonbayar@undp.org

 

UNDP Around the world

You are at UNDP Mongolia 
Go to UNDP Global