Уур амьсгалын Ногоон Сан Монгол орны малчдын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамжийг дээшлүүлэхэд 23.1 сая ам.долларын буцалтгүй тусламж олгоно

November 11, 2020

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хэрэгжих энэхүү төслийн үр ашиг эмзэг экосистем, байгалийн нөөцөөс хамаарал бүхий амьдардаг, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг хамгийн ихээр амсч буй эрсдэлт бүлгийн 800,000 иргэнд хүрэх юм.

Сонгдо, 2020 оны 11-р сарын 11 – Уур амьсгалын Ногоон Сангийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 27 дугаар хурлаар 11-р сарын 10-ны өдөр Монгол Улсад 23.1 сая долларын буцалтгүй тусламжийг “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” төслийг хэрэгжүүлэхэд зориулан олгох шийдвэр гаргалаа. Монгол орны алслагдсан баруун болон зүүн бүсийн, УАӨ-д эмзэг, эрсдэл бүхий 4 аймгийн нийт 26,000 гаруй өрхийн 130,000 иргэн төслийн үр шимийг шууд хүртэх бол нийт хүн амын 1/4 орчим буюу нэмэлт 160,000 өрхийн 800,000 иргэн төслийн үр шимийг шууд бусаар хүртэх юм.

Уг төсөл нь бэлчээрийн менежментийн сайн туршлагуудыг дэмжихэд шаардлагатай бодлогын өөрчлөлтүүдийг дэмжих, бодлогын шийдвэр гаргах, байгалийн нөөцийн менежментэд УАӨ-ийн ирээдүйн төлөвийг харгалзан үзэх, малчдын уламжлалт хамтын ажиллагааг дэмжин, тогтвортой эх үүсвэрээс бэлтгэгдсэн МАА-н бүтээгдэхүүн, тэдгээрийг мөшгөх шинэлэг технологийг нэвтрүүлэх, бүтээгдэхүүнээ зах зах зээлд хүргэх боломийг сайжруулах, ус, бэлчээрийн менежментийг сайжруулах, доройтолд орсон газар болон усны сав газрыг нөхөн сэргээх, чиглэлээр ажиллах юм.

Агаарын дундаж температур нэмэгдэн, байгалийн бүс бүслүүр шилжих, хур тунадас буурсанаас үүдэн бэлчээр болон усны нөөц буурах, байгалийн гамшигт үзэгдлийн давтамж өнгөрсөн 10 жилийн хугацаанд хэд дахин нэмэгдэх зэргээр УАӨ малчдын амьжиргаанд сөргөөр нөлөөлж байна. Ковид-19 цар тахлаас үүдэн МАА-н бүтээгдэхүүний эрэлтэд үүсч буй өөрчлөлтүүд гэнэтийн цочролд бэлэн бус, эмзэг байдлыг улам нэмэгдүүлж байгаа нь байгаль орчинд ээлтэй, эрсдэлд тэсвэртэй өсөлтийн чухлыг харуулж байна.

“Монгол оронд УАӨ-өөс үүдэн газрын доройтол болон цөлжилт нэмэгдэж байгаа нь бидний хувьд томоохон асуудлуудын нэг болж байна,” хэмээн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд Д. Сарангэрэл цохон тэмдэглэв. “Уур амьсгалын ногоон сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжих энэхүү төсөл УАӨ -д дасан зохицох тогтвортой хөгжлийг дэмжих, тэр дундаа гамшгийн эрсдлийг бууруулахад томоохон түлхэц болох болно.”

“Энэхүү төсөл нь эрсдэлт бүлгийн малчин өрхүүдийн амьжиргааг дэмжих хүрээнд бүтээгдэхүүнээ борлуулах зах зээлийн гарц болон бусад сонголтуудыг олгосноор нийгэм эдийн засгийн олон талт ач холбогдолтой юм. Монгол Улсын урт хугацааны хөгжлийг дэмжих чиглэлд хөгжлийн төлөвлөлт болон гамшгийн менежментийг сайжруулахаас гадна, сав газрын хэмжээнд ус, бэлчээрийн нөөцийг нөхөн сэргээж, усны нөөцийг хамгаалах, хуримтлуулах зэрэг байгаль орчны урт хугацааны үр өгөөж бий болгох юм.”

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Засгийн газар, ард иргэд, хөгжлийн түншүүд болон судлаачдын олон жилийн хамтын ажиллагааны дүнд бэлтгэгдсэн энэхүү шинэ төсөл нь БОАЖЯ-ны удирдлага дор 7 жилийн хугацаанд 2021 оноос эхлэн хэрэгжихээр төлөвлөгдөж байгаа бөгөөд хэрэгжих ба ХХААХҮЯ голлох түнш байх юм. Төсөл нь эмэгтэй малчид болон өрх толгойлсон эмэгтэйчүүдийн оролцоог чухалчлах ба сургалт, арга хэмжээ, нөөцийн ашиглалтад эрх тэгш оролцоог хангана.

НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч Илейн Конкиевич төслийн ач холбогдлын тухайд “Засгийн газрын итгэлт түншийн хувьд НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр Монгол Улсад Ковид-19 цар тахлын сөрөг үр нөлөө эмзэг бүлгийн болон хөдөөгийн иргэдэд илүү хүндээр тусч, ТХЗ-уудыг биелүүлэх хүчин чармайлтыг хэд дахин нэмэгдүүлэх шаардлага үүсгээд буй энэ чухал цаг мөчид эхэлж буй

салбар дундын энэхүү төслийг хэрэгжүүлэх болсондоо таатай байна. Уг төсөл нь нөөцийг тогтвортой бус ашиглалт, УАӨ-өөс үүдэх алдагдлыг давхар бууруулж, малчдын орлогын эх үүсвэрийг төрөлжүүлэх, бэлчээрийн даацыг нэмэгдүүлэн, хязгаарлагдмал нөөцөө хариуцлагатай, эн тэнцүү ашиглахыг дэмжих зорилготой юм” гэв.

Төслийг Монгол Улсын УАӨ-ийн үндэсний хөтөлбөр, Алсын хараа 2050 болон МАА-н салбарын холбогдох бодлогын бичиг баримт, Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилт зэрэг баримт бичгүүдтэй нягт уялдаатай боловсруулсан болно.

НҮБХХ-ийн тухай

НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий НҮБ-ын тэргүүлэх байгууллага юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн сайн сайхны төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг.

Дэлгэрэнгүйг mn.undp.org эсвэл @UNDP хаягаар авна уу.

Нэмэлт мэдээллийг:

О. Эрдэнэсүх

Мэдээлэл, харилцаа хариуцсан ажилтан

Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр

Утас: +976 9909 6434 И-мэйл: erdenesukh.otgonbayar@undp.org