Малчид ноолуурын дэлхийн брэндүүдтэй тогтвортой ноолуур бэлтгэлийн асуудлаар хэлэлцлээ

October 29, 2020

Ikh tamir soum, Arkhangai aimag

Баянхонгор, Архангай аймаг, 2020 оны 10 сарын 29 – НҮБ -ын Хөгжлийн Хөтөлбөрийн дэргэдэх Монголын Тогтвортой Ноолуурын Платформ дотоодын малчид болон дэлхийн томоохон ноолуурын брэнд компаниудын тогтвортой ноолуурын асуудал хариуцсан төлөөлөгчдийг хамруулан 10-р сарын 19-23 хооронд цуврал цахим уулзалтуудыг шинэлэг хэлбэрээр хөдөө орон нутагт зохион байгууллаа.

Баянхонгор аймгийн Шинэжинст сум, Архангай аймгийн Их Тамир сумдад хийсэн уулзалтуудад малчид Hugo boss, Kering group, Burberry, Schneider гэх мэт дэлхийн томоохон брэндийн удирдлагуудтай уулзсан нь ноолуурын нэмүү өртгийн сүлжээний хамгийн чухал оролцогчдыг шууд холбох гүүр болсон томоохон алхам боллоо. Энэ үеэр оролцогчид малчдын өрхийн орлого, ахуй амьдралд нөлөөлж буй Ковид-19 цар тахлын нөлөө, зуншлага тааруу болж ган гачигт нэрвэгдсэнээс үүдэлтэй тулгарч буй хүндрэл, өвлийн бэлтгэл, тогтвортой ноолуурын талаарх малчдын ойлголт мэдлэг, зах зээлийн үнэ, ноолуурын эрэлт, үйлдвэрлэлийн түвшин зэрэг асуудлыг хөндөн хэлэлцлээ.

Мөн эдгээр уулзалтуудын үеэр ноолуурын брэнд компаниуд Монгол ноолуурыг тансаг зэрэглэлийн ширхэгтэй хэмээн тодотгож үнэ цэнийг нь хүлээн зөвшөөрч, үнэлэж байгаагаа илэрхийлсэн бол малчдын хувьд тогтвортой мал маллагааны зохистой дадал хэвшлийг сайжруулахын төлөө хэрхэн хүчин чармайлт гаргаж байгаагаа хуваалцав. Малын тоо толгойг бууруулах, бэлчээр ашиглалт, нөхөн сэргээлтийн зурагт мониторинг хийх, малын тавлаг байдлыг эрхэмлэх, малын тоо толгойноос илүү малын гаралтай бүтээгдэхүүний чанарыг чухалчилж, онцлогт тохирсонүржлийн хөтөлбөрүүдэд хамрагдах зэргээр бэлчээрээ хамгаалж байгаагаа малчид илэрхийлэв.

Энэ жилийн хувьд Ковид-19 цар тахлын нөлөөгөөр дэлхийн зах зээлд ноолуурын эрэлт буурсантай зэрэгцэн баруун аймгуудад ган гачиг нүүрлэснээр ноолуурын үнэ 50% огцом унасан. Гэсэн ч малчид орлогын эх үүсвэрээ төрөлжүүлэх боломжийг алгуур эрэлхийлж бэлчээрийн менежмент, зохион байгуулалтыг сайжруулж малын тоо толгойг бууруулах нэн тэргүүний хэрэгцээ шаардлага байгааг санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байв.

Монгол улсад Тогтвортой Ноос Ноолуурын эвсэл (SFA), Ногоон Алт малын эрүүл мэндийн төсөл, Хил хязгааргүй газар тариаланчид ба малын эмч нар (AVSF) тэргүүтэй бусад хамтрагч байгууллагуудын Тогтвортой ноолуурын төлөөх өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд, санаачилгууд нь малчдын төлөөх байгууллагуудын өөрөө удирдах тогтолцоо, засаглал, тогтвортой ноолуурын төлөөх зохистой дадал, хэвшлийг сайжруулахад чухал нөлөөтэй юм.

Цахим уулзалтыг НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн дэргэдэх Монголын Тогтвортой Ноолуурын Платформын санаачилгаар “Монголын унаган байгалийн хүлцэл тогтворжилтыг хангах нь” төсөл (Даян Дэлхийн Байгаль орчны сангийн санхүүжилттэйгээр хэрэгжиж буй ENSURE төсөл), Тогтвортой Ноос Ноолуурын Эвсэл (SFA), Монголын

Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбоо (МБАНХ), Швейцарийн хөгжлийн агентлагийн Ногоон Алт малын эрүүл мэндийн төслүүдтэй хамтран зохион байгууллаа.

***

Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр нь ядуурал, тэгш бус байдал, болон цаг уурын өөрчлөлтөөс үүдэн бий болж буй шударга бус байдлыг эцэслэх зорилготой НҮБ-ын тэргүүлэх байгууллага юм. Дэлхийн 170 орон дахь хамтрагчид болон мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааны дүнд бид уялдаа холбоо сайтай, урт хугацааны шийдлийг ард түмэн болон эх дэлхийдээ бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг. Дэлгэрэнгүйг mn.undp.org эсвэл @UNDPMongolia хаягаар авна уу.

Нэмэлт мэдээллийг:

О.Одгэрэл

Мэдээлэл, харилцааны менежер

Монголын Тогтвортой Ноолуурын Платформ, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр

Утас: +976 99023005

Цахим шуудан: odgerel.oyungerel@undp.org

Shinejinst soum, Bayankhongor aimag