Монгол Улсад жендэрийн эрх тэгш байдлыг хангахыг уриалсан НҮБ-ын төрөлжсөн байгууллагын тэргүүдийн мэдэгдэл

 

Монгол Улс, Улаанбаатар хот; 2020 оны 3-р сарын 8-ны өдөр – Монгол Улс болон дэлхий дахин дахь эмэгтэйчүүд эрхэм чанартай, эрх чөлөөтэй, ялгаварлан гадуурхалтгүйгээр амьдрах эрхтэй. Жендэрийн эрх тэгш байдал нь хүний эдэлвэл зохих эрх төдийгүй тогтвортой хөгжил, энх тайван, аюулгүй байдалд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын төлөөлөгчийн газрын зүгээс Монгол Улсын Засгийн газар эмэгтэйчүүдийн эрхийг ахиц дэвшилтэйгээр биелүүлэхээр хичээж зүтгэж байгааг гүнээ сайшааж байна. Бид жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, хууль зүйн орчныг сайжруулж, жендэрт суурилсан ялгаварлан гадуурхалт, хүчирхийллийг арилгах, ажлын байрны бэлгийн дарамтыг эцэслэх хууль баталж мөрдөж байгаа нь сүүлийн жилүүдэд гарсан цөөнгүй дэвшил хэмээн цохон тэмдэглэж байна. Төрийн зүгээс ижил үнэлэмж бүхий хөдөлмөрт адил цалин хөлс олгох, ажил, мэргэжлээр үл ялгаварлах, ажлын байранд бүх төрлийн дарамт, хүчирхийллийг хориглох зэрэг олон улсын хөдөлмөрийн талаарх жишигтэй нийцүүлж, хөдөлмөрийн харилцааг зохицуулсан хуулиа шинэчлэн найруулж байгааг сайшааж байна. Мөн Монгол Улс нь эхийн эндэгдлийг 2/3 хувиар бууруулах зорилтод хүрсэн есхөн улсын нэг гэдгийг цохон тэмдэглэж байна.

Энэ жилийн Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийн “Би бол эмэгтэйчүүдийн эрхийг бодитоор биелүүлэх тэгш байдлын төлөөх үеийнхэн” гэсэн сэдвийн дор аливаа жендэр, нас, угсаа, арьс үндэс, улсын хүн бүрийг нэгтгэх зорилгоор бид бүхний хүсэж буй жендэрийн эрх тэгш ертөнцийг бий болгох үйл ажиллагаанд уриалжээ. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттереш “Эмэгтэйчүүдийн тэгш оролцоогоор л дамжуулан бид бүх хүн төрөлхтний оюуны нөөц, туршлага, санаанаас үр шим хүртэнэ. Эмэгтэйчүүдийн тэгш оролцоо нь тогтвортой байдалд амин чухал төдийгүй зөрчилдөөнөөс сэргийлж, тогтвортой, бүгдийг тэгш хамруулсан хөгжлийг хөхиүлэн дэмждэг. Жендэрийн тэгш байдал бол илүү сайн ертөнцийг бий болгох урьдач нөхцөл билээ” хэмээн батлан хэлжээ.

Монгол Улсын Засгийн газар жендэрийн тэгш байдалд чиглэсэн чухаг үйл ажиллагаа зохион байгуулсан ч Монгол Улс дахь эмэгтэйчүүд бодлогын түвшинд хангалттай төлөөлөлгүй, жендэрт суурилсан хүчирхийлэлд өртдөг, хүүхэд харах хувилбарт үйлчилгээ зэрэг байгууламж, үйлчилгээ болон нийгэмд тэгш оролцоог хангадаг уян хатан ажиллах соёлоор цаг ямагт дутаж байна.

Бээжингийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр баталсан 25 жилийн ойг тохиолдуулан Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын төлөөлөгчийн газар тус улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг тэлэх эмэгтэйчүүдийн үлэмж бололцоог дэмжиж, хөрөнгө оруулахыг Монгол Улсын Засгийн газар, нийгмийн бусад этгээдэд уриалж байна. Бид хууль тогтоомжид жендэрийн тэгш байдлыг тусгайлан заах замаар эмэгтэйчүүдийн тэгш төлөөллийг баталгаажуулах, жендэрт суурилсан хүчирхийллийг арилгах төрийн механизмийг бэхжүүлэх, төрөл бүрийн арга замаар хувь хүний зан үйлийг өөрчлөх, охид, эмэгтэйчүүдийг тэгш оролцуулдаг ажлын байрны, сургуулийн соёл бий болгох, эрсдэлд орж, байнга жендэрт тулгуурласан заналхийлэл, хүчирхийлэлд өртөх хүний эрх хамгаалагч эмэгтэйчүүдийг хамгаалах шаардлагатай юм. Жендэрийн тэгш байдлыг улам хангасан бодлогыг дэмжих, орон нутаг дахь эмэгтэйчүүдийг мэдэлжүүлэх замаар шударга ёсыг тогтоох нь орон нутгийн жендэрийн тэнцвэргүй нөхцөлийг бууруулахад амин чухал болно. Түүнчлэн шилжин суурьшигч эмэгтэйчүүдийг хамгаалахад анхаарвал зохино. Учир нь шилжилт хөдөлгөөнөөс үүдэж, эмзэг байдал улам нэмэгдэх, хүний наймаа зэрэг илүү ноцтой эрсдэл дагуулдаг онцлогтой билээ. Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын төлөөлөгчийн газар Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 2019 онд боловсруулсан Хүчирхийлэл, дарамтын тухай 190-р конвенцыг баталж байгаатай уялдан, Засгийн газар хүн бүрийн хүчирхийлэл, дарамтгүй хөдөлмөрлөх нөхцөлөөр хангуулах эрхийг баталгаажуулахын тулд тус гэрээг соёрхон батлах, хөдөлмөрийн тухай харилцааг зохицуулсан хуулиа шинэчлэх батлахыг уриалж байна.

Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын төлөөлөгчийн газар өөрийн төрөлжсөн байгууллагуудаар дамжуулан, өөрсдийн түншлэгчидтэй хамтран цаашид ч дэмжиж туслах, хууль зүйн орчин, байгууллагыг бэхжүүлэх, хэрэгцээ бүхий хүмүүст хүрэх үйлчилгээг сайжруулах, мөн нийгмийн тогтсон хэм хэмжээ, зан үйлийг өөрчлөх болон улам тэлж буй жендэрийн тэгш бус байдлыг арилгах замаар хүчирхийлэл, хүний эрхийн зөрчлийн суурь шалтгаанд чиглэж ажиллахаа илэрхийлж байна. Бид жендэрийн тэгш байдлыг улам сайжруулах, эмэгтэйчүүдийн оролцох, өөрийн амьдралаа ямарваа нэгэн айдас, гачигдалгүйгээр залах, өөрийн хүсэж байгаа боломж, бололцоогоор бүрэн хангасан, зүй ёст, шударга, аюулгүй нийгмийг цогцлоох чадварыг дэмжих болно.

UNDP Around the world

You are at UNDP Mongolia 
Go to UNDP Global