Төрийн байгууллагуудын Ёс зүйн зөвлөлийн зөвлөгөөн боллоо

September 10, 2020

УЛААНБААТАР, Монгол Улс. 2020 оны 9 дүгээр сарын 10. Төрийн байгууллагуудын Ёс зүйн зөвлөлийн нэгдсэн зөвлөгөөн “Төрийн албаны шинэтгэл – ёс зүйн хандлага” сэдвээр явагдаж байна. Зөвлөгөөний нээлтэд УИХ-ын дарга Г.Занданшатар, Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Катрин Ивкоф, УИХ-ын гишүүд болон НҮБХХ-ийн Орлогч Суурин төлөөлөгч хатагтай Нашида Саттар нар оролцлоо. Ковид-19 цар тахлын үеийн аюулгүй байдлын зохицуулалтын дагуу тус зөвлөгөөн өдөр бүр 100 хүний бүрэлдэхүүнтэйгээр, нийт гурван өдөр үргэлжлэх бөгөөд аймаг, сумдаас 500 гаруй оролцогч зайнаас оролцож байна.

Ёс зүйн зөвлөл нь төрийн албанд ёс зүйгүй нөхцөл байдал үүсэхээс сэргийлэх, төрийн албаны үнэт зүйлс болон ёс зүйн дүрэм журмыг чандлан сахиулах нэг гол механизм юм. Ядуурал, тэгш бус байдлыг бууруулах, байгаль орчноо хамгаалах зэрэг Тогтвортой Хөгжлийн 2030 он хүртэлх Зорилгуудыг биелүүлэхэд засаглалын институцууд жендэрийн эрх тэгш байдлыг хангасан, чадамж сайтай, өндөр ёс зүйтэй байх нь нэн чухал.

НҮБХХ-ийн Орлогч Суурин төлөөлөгч хатагтай Нашида Саттар зөвлөгөөний нээлтэнд хэлсэн үгэндээ төрийн албанд ёс зүйн өндөр жишиг, хэмжүүр бий болгож, хэрэгжүүлэхээр зорьж буй Ёс зүйн зөвлөлийн гишүүдэд баяр хүргээд “Монгол Улс ардчилалд шилжиж байсан эхний жилүүдэд Төрийн албаны тухай хуулийг боловсруулахад НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр оролцож байсан, цаашид ч хамтран ажиллахад бэлэн байна” гэсэн юм.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Төрийн албаны зөвлөлтэй хамтран “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийг 2018 оноос хэрэгжүүлж байгаа бөгөөд Канад Улсын Засгийн газрын санхүүжилттэй уг төсөл 2022 дуустал үргэлжилнэ.

Дэлгэрэнгүйг mn.undp.org эсвэл @UNDP хаягаар авна уу.

Нэмэлт мэдээллийг:

О. Эрдэнэсүх

Мэдээлэл, харилцаа хариуцсан ажилтан

Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр

Утас: +976 9909 6434 И-мэйл: erdenesukh.otgonbayar@undp.org