#Идэвхэжсэн2030 хүрээгээ тэлж орон нутгийн залуучуудад энтерпрайзинг мэдлэг, ур чадвараа сайжруулах сургалт орж байна

November 10, 2020

“#Activated2030: Enterprising Adventure Workshop”, Erdenet City

Эрдэнэт хот-2020 оны 11 дүгээр сарын 10: НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Орхон аймгийн ЗДТГ хамтран “#ИДЭВХЭЖСЭН2030 Энтерпрайзинг эрэл-Зорилгоо тодорхойлж хэрэгжүүл” арга хэмжээг зохион байгуулж байна.

Хөдөлмөр эрхлэх боломж, карьераа дээшлүүлэх, бизнес санаагаа бодит ажил болгоход туслахуйц энтерпрайзинг мэдлэг, ур чадвар олж авахад залуусыг идэвхжүүлэх, дэмжлэг үзүүлэх зорилготой сэдэвчилсэн сургалт, лекц болон оролцогч талуудын хэлэлцүүлэгт Орхон аймгийн 100 гаруй залуус оролцож байна. 

Олон төрлийн хөтөлбөрөөр дамжуулан залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлээр ажилладаг боломжит оролцогч талуудыг татан оролцуулах, нэгтгэхэд энэхүү сургалт, арга хэмжээ дэмжлэг үзүүлэх юм.

Төрийн байгууллага, хувийн хэвшил, бодлого боловсруулагчид, олон улсын байгууллага болон түншлэгчид, төрийн бус байгууллага зэрэг орон нутгийн залуусын чадавхыг хөгжүүлэн хүчирхэгжүүлэх үйлсэд хүчин зүтгэгч нийт түншүүд хамтран энэхүү платформыг байгуулж буй нь энэхүү сургалт, арга хэмжээний онцлох давуу тал болж байна.

“Тогтвортой Хөгжлийн Зорилгуудыг хэрэгжүүлэх үндсэн гол хөдөлгөгч хүч бол залуус та бүхэн юм. Гэвч цар тахлын улмаас хүн төрөлхтний түүхэнд дэвшүүлсэн хамгийн өргөн цар хүрээтэй энэхүү зорилгын хэрэгжилтид хүндрэл тулгараад байгаа бөгөөд иймд хүчин чармайлтаа хэд дахин нэмэгдүүлэх шаардлагатай байна. Бидний амжилт залуус та бүхний эрч хүч болон идэвхитэй оролцооноос шууд хамаарах болно” хэмээн НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Орлогч Суурин Төлөөлөгч Нашида Саттар арга хэмжээний нээлтийн илгээлтэндээ дурьдлаа.  

НҮБХХ сургалт, арга хэмжээг хамтран зохион байгуулж буй Орхон аймгийн ЗДТГ, тэр дундаа Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон  хамтын ажиллагааны платформоор дамжуулан Орхон аймгийн Залуучуудын гэрэлт ирээдүйн төлөө хүчин зүтгэж буй хувийн хэвшлийн төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагуудад талархлаа илэрхийлэн тэдний хүчин зүтгэлийг онцлон тэмдэглэв.

2017 оноос хойш НҮБХХ, Орхон аймгийн ЗДТГ нь Тогтвортой хөгжлийн зорилгыг нутагшуулах, хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хурдасгах чиглэлээр хамтран ажиллаж байна. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй томоохон ажлын нэг болох #ИДЭВХЭЖСЭН 2030 төслийн цар хүрээг өргөжүүлэх зорилгоор Орхон аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас аймгийн залуучуудын төв, бизнес хөгжлийн төв болон сум, багийн залуучуудын холбоодтой хамтран Энтерпрайзинг хөтөлбөр арга хэмжээг зохион байгуулж байна.

НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг.

Дэлгэрэнгүйг mn.undp.org эсвэл @UNDP хаягаар авна уу.

#Идэвхэжсэн2030 санаачилга нь энтерпрайзинг буюу санаа, бодлоо ажил хэрэг болгох, эерэг хандлага, ажил хөдөлмөр эрхлэхэд шаардлагатай ур чадваруудыг хөгжүүлэх, инновацлаг, хандлагад суурилсан үйл ажиллагаа болон сургалтыг явуулах замаар залуучуудыг чадавхижуулах, Тогтвортой хөгжлийн зорилгуудын (ТХЗ) хэрэгжилтэд хувь нэмэр оруулах зорилготой. Залуучуудын эдийн засгийн чадавхийг дэмжих НҮБХХ-ийн Ази, Номхон далайн бүсийн түвшинд байгуулагдсан энэ хөтөлбөрт Монгол Улс нэгдсэн бөгөөд дэлхийн 25 гаруй оронд хэрэгждэг.

Нэмэлт мэдээллийг:

П. Жаргалсайхан

Мэдээлэл, харилцаа хариуцсан ажилтан

НҮБХХ-ийн Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх төсөл

Холбогдох утас: 99135393

Jargalsaikhan.purevdorj@undp.org