"Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” төслийн эхлэлийн хурал

July 26, 2021

--- Image caption ---

Монгол Улсын Засгийн газраас уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох чиглэлээр тавьж буй зорилтыг хэрэгжүүлэхэд тодорхой бодит дэмжлэг үзүүлж хамтран ажиллах, Уур амьсгалын ногоон сангийн буцалтгүй тусламжийн санхүүжилттэй Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ), Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ), НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлэх “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь төсөл” -ийн эхлэлийн хурлыг 2021 оны 7-р сарын 26-нд цахимаар зохион байгууллаа.

Хуралд төслийн оролцогч талууд болох НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, Ус, цаг уур, орчны шинжилгээний газар (УЦУОШГ), Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ), Газар зохион байгуулалт, геодези зурагзүйн газар, Бэлчээр ашиглагчдын Нэгдсэн Холбоо, судалгаа шинжилгээний болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд, Хөгжлийн хамтрагч байгууллагууд, Азийн хөгжлийн банкны төсөл хэрэгжүүлэх нэгж, төсөл хэрэгжих 4 аймаг, сумдын засаг дарга, харъяа газрын төлөөллүүд, нийт 170 орчим хүн оролцлоо.

Хурлыг нээж БОАЖ-ын Сайд Н.Уртнасан, ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, УАНС-ийн Үндэсний зохицуулагч З.Батжаргал,  НҮБХХ-ийн Орлогч суурин төлөөлөгч Нашида Саттар нар үг хэлэв.

Эхлэлийн хурлаар төслийн гол зорилго, зорилт, хүрэх үр дүн, үнэлэх, тайлагнах шалгуур үзүүлэлт, хэрэгжүүлэх бүтэц, зохион байгуулалт, оролцогч талуудын хүлээх үүрэг, хариуцлагын талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ төслийн хэрэгжилтийн талаар харилцан санал солилцох замаар талууд нэгдсэн ойлголтод хүрэх, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл, талууд хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцэв.

БОАЖ-ын сайд Н.Уртнасан хэлсэн үгэндээ:

Манай улс нь газар зүйн байршил, эх газрын эрс тэс уур амьсгалын нөхцөлтэй зэргээс үүдэн уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг 10 орны нэг гэж судлаачид тогтоосон. Сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд агаарын жилийн дундаж температур 2.25оС-ээр нэмэгдэж, жилийн хур тунадасны хэмжээ 8 орчим хувиар буурч, нийт газар нутгийн 76.9 хувь нь цөлжилт, газрын доройтолд орсон тухай судалгааны дүн гарсан. Сүүлийн 30 жилд манай орны малын тоо толгой 3 дахин нэмэгдэж, бэлчээрийн даац хэтэрсэн судалгааны дүн байна. Үүнтэй уялдуулан мал аж ахуйн салбарын тогтвортой менежментийг хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох тогтолцоог бүрдүүлэх замаар цөлжилт, газрын доройтлыг бууруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах, малчдын тогтвортой амьжиргааг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байна. 

Эдгээр тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд энэхүү төсөл тодорхой хувь нэмэр үзүүлнэ гэдгийг онцлоод төслийг санхүүжүүлж байгаа Уур амьсгалын ногоон сан болон хамтран хэрэгжүүлэгч Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрт талархал илэрхийлэв.

Уур амьсгалын Ногоон сангийн Үндэсний зохицуулагч З.Батжаргал: 

Энэхүү төсөл нь гаргаж буй хөрөнгийн хэмжээ, хамарч буй асуудлын цар хүрээ,  хэрэглэж буй аргын шинэлэг байдал, нэвтрүүлж буй техник технологийн  түвшин зэрэг олон  үзүүлэлтээрээ онцгой байр эзэлж байгаа юм. Өмнөх төслүүд бол уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэж байсан бол энэ  төсөл уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох  асуудал голлосон анхны төсөл юм. УАНС-аас гаргаж буй үндсэн хөрөнгө дээр хамтран санхүүжүүлэгч  байдлаар Засгийн газар өөрийн болон өөр бусад эх үүсвэрээс хөрөнгө татаж, хамтран ажиллах төсөл юм. Энэ төсөл бол    Монгол улсын Засгийн газраас НҮБХХ-тэй хамтран боловсруулж, УАНС-д санал болгон  батлуулсан анхны төсөл юм. Тэрээр, уг төслийг нэг салбар, нэг яамны эрхлэх асуудлын хүрээнээс хальсан, салбар хоорондын зохицуулалт, төв орон нутгийн байгууллагуудын  үйл ажиллагааны уялдаа холбоог дээд зэргээр шаардах төсөл гэдгийг онцоллоо.

НҮБХХ-ийн Орлогч суурин төлөөлөгч Нашида Саттар:  

Энэ төслийг хэрэгжүүлснээр усны нөөцийн менежмент, хөдөө аж ахуйн үйл ажиллагааны төлөвлөлтөд уур амьсгалын мэдээллийг ашигласнаар тухайн салбарын тогтвортой менежментийг хэрэгжүүлэх, газар тариалан, МАА-н салбарын бүтээмж дээшилж, малчдын зах зээлд бүтээгдэхүүнээ хүргэх боломж нэмэгдэхээс гадна Монгол Улс Парисын хэлэлцээрийн хүрээнд тавьсан зорилтдоо  хүрэхэд түлхэц үзүүлэх юм.

Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хөдөө аж ахуй, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрөл бүрийн оролцогч талууд, үүнд БОАЖЯ, ХХААХҮЯ, ОБЕГ, Орон нутгийн засаг захиргаа, УЦУОШГ, Газар зохион байгуулалт, Геодези, зураг зүйн газар (ГЗБГЗЗГ)-аас гадна малчид, байгалийн нөөц ашиглагчдын бүлгүүд, дотоодын болон олон улсын хувийн хэвшлийн байгууллагууд, МАА-н үйлдвэрлэлийн сүлжээнд багтдаг хоршоод салбарын холбоод гар бие оролцоно.

Төслийг хамтран хэрэгжүүлэгч ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун хэлсэн үгэндээ:

Цөлжилт, экосистемийн доройтол, гамшгийн нэмэгдэж буй байдал, тэдгээрээс үүдэлтэй сөрөг нөлөөлөл нь бэлчээрийн МАА-н тогтвортой хөгжилд томоохон сорилт болж байна. Малчин өрхүүд уур амьсгалаас үүдэлтэй байгалийн гамшиг эрсдэл, түүний цар хүрээ, учруулах нөлөөлөлд хамгийн их өртөж, нэрвэгддэг тул үүнд тохирсон хамгийн тохиромжтой хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь хөдөөгийн ард иргэдийн амьжиргааг хамгаалах, дэмжихэд ихээхэн ач холбогдолтой.

Энэ төслийг амжилттай, үр өгөөжтэй хэрэгжихэд манай яамнаас ихээхэн анхаарч ажиллах бөгөөд төслийн хамрагдаж буй аймаг, сумдын удирдлага, мэргэжилтнүүд идэвх санаачилгатай оролцох хэрэгтэй хэмээн онцолсон юм.  

 Тус төслийг Дорнод, Сүхбаатар, Завхан, Ховд аймгуудад 2021-2028 оны хооронд Уур амьсгалын мэдээлэлд түшиглэн  төв орон нутгийн газар ашиглалт усны нөөцийн төлөвлөлтийг сайжруулах, экосистемд тулгуурласан дасан зохицох арга хэмжээг хэрэгжүүлэх, тогтвортой эх үүсвэрээс бэлтгэгдсэн мал аж ахуйн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх малчдын чадавхыг бэхжүүлэх гэсэн харилцан уялдаа бүхий гурван зорилтын хүрээнд хэрэгжүүлнэ.