ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ЁС ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙГ ЧАДАВХЖУУЛАХ ЦУВРАЛ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

October 12, 2021

Канад улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй  “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төсөл яам, агентлаг болон төрийн тусгай байгууллагуудын Ёс зүйн зөвлөлд зориулсан цуврал сургалтыг зохион байгууллаа.

Ёс зүйн зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга нар гишүүд оролцож буй бөгөөд сургалтаар ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиг үүргээ хэрэгжүүлэхэд инновацын арга барилыг түлхүү нэвтрүүлэхэд чиглэв.

Танин мэдэхүйн өрөөсгөл ойлголт зэрэг хичээл багтсан төдийгүй асуудлыг шийдвэрлэхдээ дүрэм, журам талаас нь биш хувь хүний үйлдэл талаас нь харах сэтгэлгээний өөрчлөлтийг хийх, ёс зүйн хэм хэмжээний талаар суралцсан.

Мөн тус сургалтын хөтөлбөрийг Сингапурын Үндэсний их сургууль болон бусад улс орны ёс зүйн хэм, хэмжээний талаарх судалгаа, эх сурвалжууд дээр тулгуурлан боловсруулж, мэргэжлийн багш, судлаач, эрдэмтэн, зөвлөхүүд удирдан явуулсан билээ.

Ёс зүйн зөвлөлүүдийн ажиллах нэгдсэн удирдамжийг долоодугаар сард Төрийн албаны зөвлөлөөс баталсан юм.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 4000 гаруй төсвийн байгууллагуудад 1900 гаруй Ёс зүйн зөвлөл ажиллаж байна.

Өнгөрсөн жил нийт төрийн байгууллагуудын Ёс зүйн зөвлөлийн гишүүд, хууль тогтоочид, эрдэмтэн судлаачдыг оролцуулсан “Итгэл даах төрийн албаны төлөө” хэмээх үндэсний зөвлөгөөнийг зохион байгуулж, тус зөвлөгөөний үеэр хууль тогтоогчид төрийн албан дахь ёс зүй, сахилга хариуцлагын талаар ярьж байсан бол энэ удаагийн сургалтаар төрийн байгууллагуудын Ёс зүйн зөвлөлийн зохион байгуулалтад орж,  зөвлөлүүд өөр хоорондоосоо суралцаж байгаагаараа онцлогтой болж байгааг сургалтыг зохион байгуулагчид онцоллоо. 

Мөн төрийн албаны шинэтгэлийн үйл явцыг хурдасгах, бэхжүүлэх хүчтэй бүтэц нь болж ажиллахыг нийт төрийн байгууллагуудын ёс зөвлөлийн гишүүдэд, сургалтыг зохион байгуулагчдын зүгээс онцлон хэллээ.

Сургалт наймдугаар сарын 26,27-оос эхэлсэн бөгөөд 10 дугаар сарын 1 хүртэл үргэлжилсэн.