БҮСЧИЛСЭН СУРГАЛТ СЭЛЭНГЭ АЙМАГТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

November 24, 2021

Канад улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн  албыг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд “Цогц чадамжийг нэвтрүүлэх нь: Ёс зүйн зөвлөлийг бэхжүүлэх, Хүний нөөцийн мэргэжилтнийг чадавхжуулах” бүсчилсэн сургалт 15 дахь аймаг буюу 3 дахь бүс болох Сэлэнгэ аймгийн төвд  2021 оны 11 дүгээр сарын 22-ний өдөр эхэллээ.

Монгол Улсын Их Хурлын гишүүн бөгөөд Төслийн удирдах зөвлөлийн дарга Д.Тогтохсүрэн сургалтын үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ  “Төрийн албаны тухай хуульд тусгасан чухал нэгэн өөрчлөлт бол шатлан дэвших тогтолцоог бий болгосон билээ. Тухайлбал, мэргэжилтнээс ахлах мэргэжилтэн, ахлах мэргэжилтнээс хэлтсийн дарга, хэлтсийн даргаас газрын дарга, газрын даргаас Төрийн нарийн бичгийн дарга гэж шатлан дэвших тогтолцоог нэвтрүүлнэ. Энэхүү тогтолцоог хэрэгжүүлэх хүрээнд цогц чадамжтай, ёс зүйтэй төрийн албан хаагчийг бэлтгэх, шатлан дэвшүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд өнөөдрийн сургалтын зорилго чиглэж байна” гэсэн юм.

Сэлэнгэ аймгийн засаг даргын орлогч Ж.Сайнцог “Өнөөгийн нийгмийн харилцаанд ёс зүй, харилцаа хандлагын асуудлыг чухалчилах болсон. Тэр дундаа төрийн албаны ёс зүйн асуудлыг бүх түвшинд анхаарч, ёс зүйтэй, зөв хандлагатай, зөв албан хаагчдаар төрийн албаны хүний нөөцийг бүрдүүлэх  нь нийгмийн шаардлага, хүлээлт болж байна. Монгол Улсын төрийн бодлого ч үүнд чиглэж, хууль тогтоох дээд байгууллагын дэргэд ёс зүйн асуудал эрхэлсэн бие даасан байнгын хороог байгуулж, анх удаа ёс зүйн харилцааг зохицуулсан хуулийн төслийг боловсруулах ажлыг зохион байгуулж байгаа нь үүний илрэл юм. Ийм учраас энэ удаагийн бүсчилсэн сургалтыг цаг үеэ олсон, төрийн бодлоготой уялдсан, эрэлт хэрэгцээг мэдэрсэн арга хэмжээ болж байна гэдгийг тэмдэглэн хэлэв.

Канад улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Катерин Ивкофф олон улсад хамгийн үр нөлөөтэй, чадварлаг жишиг болж чадсан Канадын төрийн албаны үнэт зүйлс, баримтлах зарчмуудын талаар танилцуулсан юм. Канадын Засгийн газраас сайн туршлагаасаа хуваалцан төрийн албаны шинэтгэлийн үйл явцыг 2011 оноос хойш дэмжин ажиллаж буй талаараа дурдаж цаашид ч Монгол Улсад чадахуйн зарчимд суурилсан жендерийн эрх тэгш байдлыг хангасан иргэн төвтэй мэргэжлийн төрийн албыг бий болгохын төлөө дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Суурин төлөөлөгч  хатагтай Илэйн Конкиевич төрийн албаны шинэтгэлийн хүрээнд ёс зүйг чухалчлан авч үзэж буйд баяртай байгаагаа илэрхийлээд төрийн албаны шинэтгэлийн үзэл баримтлал зөвхөн хууль дүрэмд тусгагдаад өнгөрөх бус төрийн албаны бүх шатны үйл ажиллагаанд нэвтэрч хэрэгжих нь чухлыг онцоллоо.

Төрийн албаны зөвлөлийн дарга, Төслийн үндэсний захирал Б.Баатарзориг төрийн албаны шинэтгэлийн бодлогыг эрчимтэй хэрэгжүүлэх шаардлага, зорилгынн хүрээнд Канадын Засгийн газраас бүх талын дэмжлэг үзүүлж буйд талархал илэрхийлээд “Цогц чадамжийг нэвтрүүлэх нь: Ёс зүйн зөвлөлийг бэхжүүлэх, Хүний нөөцийн мэргэжилтнийг чадавхжуулах”  сургалтын үр дүн төрийн албан хаагчийн шинэ хандлага, сэтгэлгээний өөрчлөлтөөр илрэн гарах учиртайг тэмдэглээд бүсчилсэн сургалтад оролцохоор ирсэн нутаг нутгийн төрийн албан хаагчдыг аймаг орон нутагтаа төрийн албаны шинэтгэлийн түүчээлэгч нь байхыг захиж хэллээ. 

Сургалтад Булган, Дархан, Орхон, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөл болон төрийн байгууллагуудын дэргэдэх Ёс зүйн зөвлөлийн гишүүд болох 50 төрийн албан хаагч хамрагдаж байна.