“Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн Удирдах зөвлөлийн хоёрдугаар хурал боллоо

December 27, 2021

2021 оны 12 дугаар сарын 27, Улаанбаатар хот. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн Удирдах зөвлөлийн хоёрдугаар хурал 2021 оны 12 дугаар сарын 27-нд болж төслийн 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан, 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөө,төсвийг хэлэлцэн батлав.

Төслийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам,   Сонгуулийн Ерөнхий хороо, Хүний эрхийн Үндэсний комисс, Жендерийн Үндэсний хороо болон Иргэний нийгмийн байгууллагыг төлөөлж Монфемнет байгууллага мөн Хэвлэл мэдээллийн зөвлөл, хэрэгжүүлэгч НҮБХХ-ийн газар, санхүүжүүлэгч БНСУ-ын Койка байгууллага багтдаг бөгөөд эдгээр байгууллагын холбогдох албан тушаалтнууд тус 2 дугаар хуралдаанд оролцлоо.  

Удирдах зөвлөлийн хурлын нээлтэд НҮБ Хөгжлийн Хөтөлбөрийн Орлогч суурин төлөөлөгч Хатагтай Нашида Саттар хэлсэн үгэндээ: “Тогтвортой хөгжлийн 17 зорилтын 5-т “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах” асуудлыг дэвшүүлсэн.  Монгол улсын хувьд жендэрийн асуудал нь хөгжлийн суурь асуудал бөгөөд  төрийн болон улс төрийн шийдвэр гаргах түвшинд энэ зорилтыг хангахад дэмжлэг  үзүүлэх зорилгоор тус төслийг хэрэгжүүлж эхлээд байна. 2021 онд төсөл шаардлагатай суурь судалгаа, шинжилгээний ажлуудыг хийж гүйцэтгэлээ. 2022 онд төслийн зорилго, зорилтоо хангахад чиглэсэн үйл ажиллагаануудыг үндэсний хэмжээнд эрчимтэй хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Тухайлбал улс төрч эмэгтэйчүүд, улс төрд орох сонирхолтой эмэгтэйчүүдийн  чадавхийг нэмэгдүүлэх,  тэднийг дэмжих сүлжээг бэхжүүлэхэд  анхаарч ажиллана. Түүнчлэн шийдвэр гаргах түвшинд тэгш байдлыг бий болгоход чиглэсэн, жендерийн талаарх хэвшмэл буруу ойлголтод сонгогчидын ойлголтыг нэмэгдүүлэх, эерэг хандлага, дадал хэвшил бий болгох  мэдээлэл, сургалт сурталчилгааны ажлыг эрчимжүүлнэ” гэлээ.  

“Жендерийн тэгш байдал гэдэг нь том асуудал боловч Монгол Улсын Засгийн газар энэ чиглэлд тогтвортой ахиц дэвшил гаргасаар байна. Энэ салбарт асар чухал хэдий ч орж амжаагүй асуудлууд рүү тус төсөл чиглэж ажиллахыг зорьж байна. Цар тахлын нөхцөл байдал төслийн хэрэгжилтэд саад тотгор болж байгаа ч бид даван туулж урагшилсаар байна. Энэ нь бидний алсын харааг улам тэлж эерэг үр дүн авчрах болно гэж итгэж байна. Үүний тулд төслийг хэрэгжүүлж буй НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Жендерийн хороо болон бусад оролцогч талууд түншүүдтэй хамтын ажиллагаа, оролцоогоо бэхжүүлж ажиллахыг хүсч байна” гэж БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Агентлаг (КОЙКА)-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын Орлогч Суурин төлөөлөгчхатагтай И Жаёон удирдах хорооны хурлын нээлтэд хэлсэн үгэндээ тэмдэглэн хэллээ. 

Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх эрхзүйн орчныг сайжруулах зорилгоор холбогдох хуулиудад  тодорхой  заалтууд оруулж байгаа гэж УИХ-ын гишүүн Ц. Мөнхцэцэг удирдах зөвлөлийн хурлын үеэр хэлсэн үгэндээ онцлоод эрхзүйн эдгээр зохицуулалтуудыг  оруулж баталсанаар шийдвэр гаргах түвшинд хүйсийн тэгш байдал хангахад чухал нөлөө үзүүлэх юм гэлээ.

Тус төслийг БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Агентлаг санхүүжүүлж байгаа бөгөөд Үндэсний хэмжээнд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Сонгуулийн Ерөнхий хороо, Хүний эрхийн Үндэсний комисс, Жендерийн Үндэсний Хороо, болон төрийн бус эмэгтэйчүүдийн болон хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран хэрэгжүүлж байна.

2021-2024 онд хэрэгжиж буй  тус төсөл нь шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх үүднээс хууль эрх зүйн орчныг сайжруулах, улс төрийн карьер сонгоход эмэгтэйчүүдэд тулгардаг бүтцийн болоод бусад сорилтыг даван туулахад дэмжлэг үзүүлэх механизмыг бэхжүүлэх, жендэрийн тэгш байдлын талаар сонгогчид, хэвлэл мэдээлэл, улс төрийн намуудын ойлголтыг дээшлүүлэх зорилготой юм. 

НҮБХХ-ийн тухай

НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдэл бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг.

БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлагийн тухай (КОЙКА)

Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон Улсын Хамтын Ажиллагааны Агентлаг (КОЙКА) нь 1991 онд Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулагдсан Засгийн газрын агентлаг болж байгуулагдсан юм. КОЙКА нь түншлэгч орнуудаа ядууралтай тэмцэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих чиглэлээр ажилладаг. Дэлгэрэнгүй мэдээллийг http://koica.go.kr -с авна уу.