Монгол Улсад Ковид-19 цар тахал охид, эмэгтэйчүүдэд илүү хүндээр тусч байна

March 8, 2021

Улаанбаатар, 2021 оны 3-р сарын 9 –  КОВИД-19 цар тахал нь эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн сорилт, бэрхшээлүүдийг гүнзгийрүүлж Монгол Улсын Тогтвортой Хөгжлийн Зорилгуудыг биелүүлэхэд гаргасан ахиц дэвшлүүдийг ухраах цаашлаад тэгш бус байдлыг улам нэмэгдүүлэх эрсдийг бий болгоод байна хэмээн НҮБ-ийн Хөгжлийн Хөтөлбөр, Азийн Хөгжлийн Банк болон Монгол Улсын Жендэрийн Үндэсний Хороо хамтран танилцуулж буй судалгаанд дурджээ. Энэхүү судалгаагаар нийгмийн үйлчилгээ, ажил эрхлэлт ба орлого, төрөөс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, эмзэг бүлэг зэрэг харилцан уялдаа бүхий дөрвөн салбарт эмэгтэйчүүд, охидод үзүүлж буй КОВИД-19 цар тахлын нөлөөлөл, нөхцөл байдлыг судлан авч үзжээ.

Эмэгтэйчүүд Монгол улсад эрүүл мэндийн салбарын ажиллагсдын 82 хувийг бүрэлдүүлж байгаа нь цар тахлын хүнд бэрхшээлтэй үед тэд болон тэдний гэр бүл өндөр эрсдэл дунд амьдарч байгааг илтгэж байна. Мөн цар тахлын улмаас тогтоосон хөл хорионы үед, охид, эмэгтэйчүүд хөлсгүй хөдөлмөрт ихэнх цагаа зарцуулж байгаа нь өөртөө анхаарал тавих, суралцах, хөгжихөд нь сөргөөр нөлөөлж байна.

Мөн судалгаагаар хөл хорионы үед эмэгтэйчүүд, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон жирэмсэн эмэгтэйчүүдэд эмнэлгийн яаралтай тусламж авахад хүндрэлтэй байсан бөгөөд цар тахлын үед эхийн эндэгдэл өнгөрсөн гурван жилтэй харьцуулахад 27.8% өссөн байна.

Хөл хорионы үед жендерт суурилсан болон гэр бүлийн хүчирхийлэл Монгол Улсад өссөн байна. Үндэсний Статистикийн Хорооны мэдээнээс харахад 2020 оны 3-12-р сард гэр бүлийн хүчирхийллийн зөрчил 2019 онтой харьцуулахад 35 хувиар өссөн байна.

КОВИД-19 цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь Монгол Улсын эдийн засагт хүндрэл учруулсаар байгааг судалгаанд мөн дурджээ. Эмэгтэйчүүд ихээр ажилладаг бичил, жижиг болон дунд бизнес эрхлэгчдийн хөрөнгийн эргэлт, эрэлт, нийлүүлэлт буурч, бараа материал, түүхий эдийн нийлүүлэлт тасалдах зэрэг бэрхшээлтэй тулгарч байна.

Тус судалгаа нь Монгол Улсын Засгийн газрын охид, эмэгтэйчүүдийн цар тахлыг даван туулах чадварыг сайжруулахад авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд нь тэдний хэрэгцээнд суурилсан байх хэрэгтэйг онцлон богино, дунд болон урт хугацаанд авч хэрэгжүүлж болох шийдлүүдийг санал болгожээ.  

“КОВИД-19 цар тахлын сорилтуудыг даван туулах хариу арга хэмжээ нь иргэдийн хэрэгцээнд тулгуурласан байхын зэрэгцээ охид, эмэгтэйчүүдийн эрх тэгш байдал, оролцоог хангаж, тэднийг чадавхжуулахад чиглэсэн байх хэрэгтэйгээс гадна зөвхөн цар тахлын төдийгүй Монгол Улсын хөгжлийн тухай шийдвэр гаргалтанд эмэгтэйчүүдийн оролцоо, болон төлөөллийг нэмэгдүүлэхэд чиглэх хэрэгтэй” хэмээн НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч Илейн Конкиевич хэллээ.

Судалгааны тухай дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү: http://bit.ly/3bsnDgE   

 

***

НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг.

Дэлгэрэнгүйг mn.undp.org эсвэл @UNDP хаягаар авна уу.

Нэмэлт мэдээллийг:

О. Эрдэнэсүх | Мэдээлэл, харилцаа хариуцсан мэргэжилтэн |  erdenesukh.otgonbayar@undp.org