Хүний хөгжлийн эх дэлхийд үзүүлж буй дарамт, сөрөг нөлөөг хэмжих туршилтын шинэ хэмжүүрийг танилцуулав

January 19, 2021

Улаанбаатар, 2021 оны 1-р сарын 19 – НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ)-ийн “2020 оны Хүний Хөгжлийн Илтгэл”-д Ковид-19 цар тахал нь хүн төрөлхтөнтэй тулгарч буй хамгийн сүүлийн үеийн хямрал боловч бид байгаль дэлхийтэйгээ дур зоргоороо харьцахаа болиогүй байгаа цагт энэ мэт хямралуудтай учирсаар байна гэсэн ба энэ сөрөг нөлөөг тооцох туршилтын Эх дэлхийдээ өгч буй Дарамтыг Тооцсон Хүний хөгжлийн индексийг таницуулсан байна. Энэхүү индексд хүний хөгжлийн байгаль орчинд үзүүлж буй нөлөөлийг нүүрстөрөгчийн ялгаруулалт, материалын ул мөр гэсэн хоёр үзүүлэлтээр тооцон гаргажээ. Түүнчлэн цар тахлын нийгэм эдийн засгийн үр нөлөө нь дэлхий даяар тэгш бус байдлыг улам нэмэгдүүлж байгааг онцолж байна

Хүмүүс хийгээд дэлхий гараг Антропоцен буюу Хүн төрөлхтөн эх дэлхийгээ өөрчилж буй үе хэмээх геологийн тооллын цоо шинэ эрин үед шилжиж байгаа энэ цагт баян, ядуу ялгаагүй бүх улс орон, байгаль эх дэлхийдээ учруулж буй ноцтой хохирол, үр дагавраа бүрэн тооцож хүний хөгжлийн загвараа шинээр зураглахын зэрэгцээ өөрчлөлтөнд хамгийн ихээр саад учруулдаг эрх мэдэл болон боломж бололцооны тэгш бус байдлыг эцэслэх цаг ирсэн тухай Илтгэлд өгүүлсэн байна.

“Хүний хөгжлийн өндөр түвшинд хүрсэн ч байгаль эх дэлхийдээ бага дарамт учруулсан байх гэсэн тэрхүү шидэт хослолыг хангасан улс орон дэлхий дээр хараахан алга байна. Гэхдээ бид энэ алдааг засаж чадах эхний үе байж чадна. Энэ л хүний хөгжлийн шинэ эрин юм” хэмээн НҮБХХ-ийн Захирагч Аким Штайнер хэлэв.

2019 онд Монгол Улс Хүний хөгжлийн индексийн (ХХИ) 0.737 үзүүлэлтээрээ дэлхийн 189 орноос 99-р байранд орсон ба энэхүү индексийн үзүүлэлт нь 1990 онтой харьцуулахад нийт 27.5 хувиар өссөн байна. Мөн 1990-2019 оны хооронд Монголчуудын төрөх үеэс тооцсон дундаж наслалт 9.6 жилээр, сургуульд суралцсан дундаж хугацаа 2.6 жилээр, сургуульд суралцах хугацаа 4.0 жилээр, нэг хүнд ногдох Үндэсний нийт орлого1 2.3 дахин тус тус өссөн байна

Гэвч Монгол Улсын ХХИ-ийг нэг хүнд ногдох нүүрстөрөгчийн ялгаруулалт, материалын ул мөрөөр байгаль эх дэлхийдээ өгч буй дарамтыг тооцоход ХХИ-ийн үзүүлэлт нь 10.9 хувиар буурч, үзүүлэлтээрээ 10 байр хойшлохуйц болж байна. Олон Улсын Вальютийн Сангийн тайланд дурьдсанаар Монгол Улс болон дэлхийн олон орнууд нийтдээ дэлхийн нийт дотоодын нийт бүтээгдэхүүний 6.5 хувь буюу 5 их наяд ам.доллартай тэнцэхүйц хэмжээний татаасыг шатах ашигт малтмалд зарцуулсаар байгааг онцолжээ.

Хүн амын төвлөрөл бага боловч Монгол Улсын газар нутгийн 70 гаруй хувь нь байгалийн болон хүний оролцоотой шалтгаануудын улмаас доройтолд орсон байна. Илтгэлд эерэг өөрчлөлтийг хийхэд урамшууллын хөшүүрэг, зөв механизм чухал үүрэгтэй тухай чухалчилсан. Тэгвэл НҮБХХ-ийн зүгээс бэлчээрийн доройтлын эсрэг Монгол Улсын

Засгийн Газрын авч хэрэгжүүлж буй арга хэмжээг дэмжихээр малчдад малын тоо толгойгоо бууруулахад нь туслах хэд хэдэн хөшүүрэг, механизм бүхий бэлчээрийн тогтвортой менежментийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

“Байгаль орчны болон уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой яаралтай шийдэл шаардлагатай бэрхшээл, сорилтууд Монгол Улсад улам нэмэгдэж буй энэ цаг үед НҮБХХ Монгол Улсын Засгийн газрыг Тогтвортой Хөгжлийн Зорилгууд 2030-г биелүүлэх, цар тахлыг амжилттай даван туулах мөн илүү хүртээмжтэй, байгальд ээлтэй, тогтвортой хөгжлийг Монгол Улсын иргэн бүрд бий болгохын төлөө дэмжиж ажиллах болно” хэмээн НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч Илейн Конкиевич хэллээ.

“2020 оны Хүний Хөгжлийн Илтгэл”-ийн тухай дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү: https://bit.ly/38Q92dF

НҮБХХ-ийн тухай

НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг. Дэлгэрэнгүйг mn.undp.org эсвэл @UNDP хаягаар авна уу.

Нэмэлт мэдээллийг:

О. Эрдэнэсүх | Мэдээлэл, харилцаа хариуцсан мэргэжилтэн | НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр | erdenesukh.otgonbayar@undp.org