“Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөл Удирдах зөвлөлийн анхны хурлаа цахимаар зохион байгууллаа.

March 31, 2021

Улаанбаатар, 2021 оны 3 дугаар сарын 31:  – Ковид-19 цар тахал Монгол Улсын эдийн засагт, ялангуяа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, ажиллах хүч их шаарддаг салбаруудад хүндхэн сорилтуудыг бий болгож байна. Түүгээр ч зогсохгүй залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүд зэрэг нийгмийн эмзэг бүлэгт илүү хүндээр тусч улмаар Монгол Улсаас Тогтвортой хөгжлийн зорилгуудад хүрэхийн төлөө гаргасан ахиц дэвшилд ухралт гарах эрсдэл бий болоод байна.

Энэ хүнд үед Европын Холбоо (ЕХ)-ноос Монгол Улсад үзүүлж буй 50.8 сая еврогийн төсвийн дэмжлэгийг дагалдсаан техник туслалцааны “Монгол улсад Тогтвортой Хөгжлийн Зорилгуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөл нь 2020 оны 12-р сараас хэрэгжиж эхэлсэн. Уг төсөл нь хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлтийн салбарт төрийн үйлчилгээг үр ашигтай, хариуцлагатай тайлагналтай, хэрэгцээнд нийцсэн байдлаар хүргэх, түүнчлэн төсөв, санхүүгийн удирдлагын тогтолцооны шинэчлэл, институцийн чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Олон улсын хөдөлмөрийн байгууллага хамтран төслийг 2021-2024 онд хэрэгжүүлнэ. Мөн Монгол Улсын Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Үндэсний хөгжлийн газар, УИХ, Үндэсний аудитын газар, иргэний нийгмийн болон эрдэм шинжилгээний байгууллагууд хамтран ажиллаж байна.  

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Христеа, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илейн Конкиевич нар даргалсан төслийн Удирдах зөвлөлийн анхдугаар хурлаар 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийг баталлаа. Хуралд төслийн удирдах зөвлөлийн гишүүд болох хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

"Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нэг томоохон зорилт бол халамжаас хөдөлмөрт шилжих юм. Энэхүү зорилттой уялдсан төсөл хэрэгжиж байгаад баяртай байна. Ялангуяа мэргэжлийн боловсролын сургалтад түшиглэн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нь маш чухал асуудал юм. Төслийн хүрээнд эмзэг бүлгийн иргэд тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихийг зорьж байгаа нь тэгш бус байдлыг устгах тухай Тогтвортой хөгжлийн зорилт 10-тай уялдаж байна. Энэхүү төслийн Удирдах зөвлөлийн хурлыг хамтран даргалах болсонд таатай байна.” хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хурлыг нээж хэлсэн үгэндээ дурьдсан юм.

“Цар тахлын хүнд хэцүү цаг үед Европын Холбоо Монгол Улсыг үргэлжлүүлэн дэмжиж ажиллахад бэлэн байна. Бид хүчтэй, уялдаатай түншлэлийнхээ хүрээнд улам эрчимжсэн бодлогын яриа хэлэлцээ болон шинэчлэлийн санхүүжилтийн хоосон орон зайг багасгах чиглэлд хамтран ажиллахдаа таатай байх болно. Бүх түншүүддээ энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэх эрч хүч, урам зоригийг хүсье” хэмээн Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Христеа нээлтийн үгэндээ онцоллоо.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Илейн Конкиевич “Энэхүү төслийн хүрээнд хийгдэх шинэчлэлүүд нь нарийн төвөгтэй, олон талт байдлаас үүдэн төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх оролцогч байгууллагуудын болон салбар хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоо сайн байх нь маш чухал юм. Монгол Улсын итгэлт түншийн хувьд мөн хөгжлийн шийдлийг санаачлагч, хэрэгжүүлэгчийн хувьд, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд бүх түншүүдтэйгээ хамтран ажиллах болно" гэлээ.

Европын Холбооны тухай

2020 оны 5-р сард баталсан Европын Холбоо (ЕХ)-ноос  Монгол Улсад үзүүлэх 50.8 сая еврогийн Төсвийн дэмжлэгийн хөтөлбөрийн эхний 16 сая еврогийн санхүүжилтийг 2020 оны 10 дугаар сард Монгол улсын Засгийн газар хүлээн авсан билээ. Тус хөтөлбөрийн хүрээнд “Монгол улсад Тогтвортой Хөгжлийн Зорилгуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөл 2020 оны 12 дугаар сард нээлтээ хийсэн бөгөөд цар тахлын нийгэм-эдийн засгийн үр нөлөөг бууруулах хүчин чармайлтанд хувь нэмэр оруулах юм. Уг төсөл нь үр дүнд суурилсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлт, зохистой хөдөлмөрийг дэмжих, төсөв санхүүгийн удирдлагыг бэхжүүлэх, улмаар Тогтвортой Хөгжлийн Зорилгуудад хүрэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой.

НҮБХХ-ийн тухай

НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг.

НҮБХХАБ-ын тухай

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага нь (НҮБХХАБ) хүн бүр цаг ямагт эрүүл чийрэг оршин  амьдрахад шаардлагатай хоол, хүнсний хэрэглээ, шим тэжээлийн нөхцлийг сайжруулах замаар өлсгөлөнг зогсоохын төлөө олон улсын хүчин чармайлтыг манлайлж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын мэргэшсэн агентлаг юм.

ОУХБ-ын тухай

Зохистой хөдөлмөрийг дэмжиж, нийгэмд шударга ёсыг бэхжүүлье. Олон улсын хөдөлмөрийн байгууллага нь НҮБ-ын хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрөлжсөн агентлаг юм. Бид засгийн газар, ажил олгогч, ажилтны нийгмийн түншлэл, хэлэлцээг хөгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэн, хөдөлмөрлөх эрхийг хамгаалж, хүн бүрийг нийгмийн хамгаалалд хамруулахдаа хүн төвтэй хөтөлбөрийг хэрэгжүүлэн хөдөлмөрийн сайхан ирээдүйг бүтээхийг зорьж байна.

Нэмэлт мэдээллийг:

С.Дэлгэрмаа

Мэдээлэл, харилцааны ажилтан

“Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдсан төсвийн

төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөл

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн

Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар

Утас: +976 9900 6962

И-мэйл: delgermaa.surenjav@undp.org