Төрийн албаны анхан дунд шатны албан хаагчид өөрсдийн санаачлан хэрэгжүүлсэн төслийнхөө туршлага, боломжуудын талаар хуваалцлаа

April 2, 2021

2021 оны 4-р сарын 2: Дэлхийн улс орнуудын төрийн байгууллагууд улам бүр төвөгтэй болж буй нийгмийн харилцааг зохицуулахын тулд арга барилын шинэлэг шийдлүүд болох загварчлалын сэтгэлгээ, зан үйлийн ухааныг төрийн бодлого боловсруулах үйл явцад хэрэглэх болсон байна.

Төрийн байгууллагуудын үйлчилгээ, гүйцэтгэлийг сайжруулах зорилго бүхий тэдгээр шинэлэг шийдлүүд нь иргэн болон байгууллагын хамтын ажиллагаанд олон давуу тал олгож байгаа бөгөөд энэ нь нийгмийн хөгжилд олон нийтийн оролцоог идэвхжүүлэх, иргэдийн төрийн үйлчилгээнээс авах сэтгэл ханамжийг дээшлүүлэх, цаг хугацаа хэмнэх зэрэг олон давуу талтай юм.  

Монгол Улсын Засгийн газар дээр дурдсан төрийн албаны шинэчлэлийг нэн тэргүүнд чухалчлан үзсэний зэрэгцээ анхан дунд шатанд бодлогын үйл явцад шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Энэ дагуу Канадын Засгийн газрын санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд хоёрдахь жилдээ  “Бодлогын инноваци” бичил төслийг хэрэгжүүлж байна.

2020 онд уг төслийн сонгон шалгаруулалтад 54 төсөл ирсэн бөгөөд шалгарсан найман төслүүдээс Говь-Алтай аймгийн иргэдийн өргөдөл гомдлыг хянах хугацааг хоёр дахин багасгасан, цагдаагийн алба хаагчдад сэтгэлзүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлж улмаар иргэд цагдаа хоорондын ойлголцол, итгэлцэл гүнзгийрэх алхам хийгдсэн зэрэг эерэг үр дүнг авчирсан байна.

Иймд өнөөдөр 2020 онд шинэлэг шийдлээ амжилттай хэрэгжүүлсэн төслүүдийн төлөөлөгч нар вэбинарын үеэр сурч мэдсэн туршлагаасаа хуваалцаад зогсохгүй цаашид сайжруулах боломжуудыг төрийн албан хаагчдад танилцуулав. Мөн энэ үеэр “Бодлогын инновац-2021” бичил төслийн шалгаруулалтад 21 байгууллагын 38 саналаас шалгарсан 12 төслийг зарлан танилцууллаа.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илейн Конкиевич энэ үеэр “Иргэдийг төрийн үйлчилгээний гол цөмөө болгон үзэх нь төрийн албыг хувьсан өөрчлөгдөхөд хүргэдэг маш үр нөлөөтэй үзэл юм. Хотоос сум, баг хүртэл иргэддээ үйлчлэх, мэргэжлийн болон орчин үеийн төрийн албыг төлөвшүүлэх Монгол Улсын Засгийн газрыг зорилтыг НҮБХХ дэмжиж ажиллана " гэж хэлсэн үгэндээ тэмдэглэв.

Шалгарсан төслүүдийг “Монгол Улсад мэргэжлийн ба иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь”  төслийн дэмжлэгтэйгээр дөрвөн сарын хугацаанд хэрэгжүүлнэ.

НҮБХХ-ийн тухай

НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг.

Дэлгэрэнгүйг mn.undp.org эсвэл @UNDP хаягаар авна уу.

 

Нэмэлт мэдээллийг:

О. Эрдэнэсүх

Мэдээлэл, харилцаа хариуцсан мэргэжилтэн

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн

Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар

И-мэйл: erdenesukh.otgonbayar@undp.org