“Тогтвортой хөгжлийн үндэсний санхүүжилтийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх” ажлын хэсгийн анхдугаар хурал боллоо

February 1, 2021

Улаанбаатар, 2021 оны 2-р сарын 1 – Үндэсний хөгжлийн зорилго, зорилтууд болон тэргүүлэх чиглэлүүдийг Тогтвортой Хөгжлийн Зорилгууд (ТХЗ)-тай нягт уялдуулах нь Монгол Улс 2030 он гэхэд ТХЗ-д хүрэхэд чухал үүрэгтэй. Сангийн яам болон НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн хамтран удирдаж буй “Тогтвортой хөгжлийн үндэсний санхүүжилтийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх” ажлын хэсгийн анхдугаар хурал өнөөдөр болж өнгөрлөө. НҮБ болон Европын Холбооны дэмжлэгтэйгээр Үндэсний Санхүүжилтийн Нэгдсэн Тогтолцоо (ҮСНТ)-г хөгжүүлэх ажлыг дэлхийд хэрэгжүүлж буй анхдагч орнуудын нэг нь Монгол Улс болж байгаа юм.

Ажлын хэсгийн хүрээнд үндэсний хөгжлийн зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхэд гол үүргийг гүйцэтгэдэг хөгжлийн санхүүжилт, бодлого гаргагчид, олон улсын байгууллагууд болон хувийн хэвшил зэрэг олон талуудын төлөөллүүд нэг дор цугларч, тогтолцоог бэхжүүлэх тухайд хамтдаа хэлэлцлээ.

ҮСНТ нь хөгжлийн бодлого, түүний санхүүжилтийг уялдуулах, хувийн хэвшлийн эх үүсвэрүүдээр дамжуулан хөгжлийн бодлогыг санхүүжүүлэх мөн санхүүжилтийн үр ашгийг нэмэгдүүлснээр ТХЗ болон үндэсний хөгжлийн тэргүүлэх зорилтуудад хүрэх явцыг хурдасгахад дэмжлэг болох юм.

Санхүүжилтийн стратегийн хүрээнд одоо явагдаж буй төрийн санхүүгийн удирдлагын шинэчлэлийг үргэлжлүүлэх ба хувийн хэвшлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлд онцгойлон төвлөрнө. Монгол Улсын ҮСНТ-нд тэргүүлэх чиглэл болж буй хувийн хэвшлийн санхүүжилт нь ажлын байр бий болгох, бизнес ба хөрөнгө оруулалтыг дэмжих, мөн уур амьсгалтай холбоотой эрсдэл болон сорилтуудыг шийдвэрлэхэд чухал үр дүнтэй хөшүүрэг болно гэж үзэж байна.

‘Монгол Улсын Засгийн газар Үндэсний санхүүжилтийн нэгдсэн стратеги бүрдүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан ба энэ ажлын хэрэгжүүлэлт болон хөгжүүлэлтийг Сангийн яамны удирдлага, манлайлал дор бусад талуудтай хамтран хийж гүйцэтгэнэ” хэмээн Сангийн дэд сайд С. Мөнгөнчимэг хэллээ.

“ҮСНТ хөгжүүлэлт нь Ковид-19 цар тахлаас үүдэн Монгол Улсад төдийгүй дэлхий дахинд ТХЗ-ын биелэлт удаашрах, цаашлаад гаргасан ахиц дэвшлийг ухраах эрсдэл үүсээд буй энэ эгзэгтэй үед цагаа олсон алхам болж байна. Энэхүү тогтолцоо нь ирж буй он жилүүдэд дээрх сорилтуудыг даван туулах болон шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ” хэмээн НҮБХХ-ийн Орлогч Суурин төлөөлөгч Нашида Саттар хэллээ.

Ажлын хэсэг нь Үндэсний санхүүжилтийн нэгдсэн тогтолцооны замын зураг, санхүүжилтийн стратегийн төслийг 2021 оны 6-р сард бэлэн болгохоор ажиллаж байна.

***

НҮБХХ-ийн тухай

НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг. Дэлгэрэнгүйг mn.undp.org эсвэл @UNDP хаягаар авна уу.

Холбоо барих:

О. Эрдэнэсүх | Мэдээлэл, харилцаа хариуцсан мэргэжилтэн | НҮБХХ | Утас: 11-327585 (ext-1133) | Имэйл: erdenesukh.otgonbayar@undp.org