Тогтвортой ноолуурын хөгжилд талууд хамтран ажиллахыг уриалж байна

March 12, 2021

Улаанбаатар, 2021 оны 3-р сарын 12: Дэлхийн тогтвортой ноолуурын салбарт Монгол Улсыг тэргүүлэгч болгох зорилгын хүрээнд НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн дэргэдэх Монголын Тогтвортой Ноолуурын Платформ (МТНП)-ын Анхдугаар нэгдсэн хуралдааныг өчигдөр зохион байгууллаа. МТНП-ын анхдугаар нэгдсэн хуралдаанд төр, хувийн хэвшлийн төлөөллүүд, малчид, салбарын холбоод, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын төсөл хөтөлбөр, судалгаа шинжилгээний байгууллагууд түүнчлэн гадаадын хувийн хэвшлийн төлөөллүүд зэрэг оролцлоо.

Монгол Улс нь бусад хөгжиж буй улс орнуудын адил эдийн засгийн өсөлт, байгалийн нөөцийн хомсдол нийгмийн бусад асуудлуудыг тэнцвэртэй авч явах сорилтой нүүр тулаад байгаа билээ. Сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд Монгол улсын агаарын температурын жилийн дундаж хэмээс 2.25°С-ээр нэмэгдсэн ба  байгалийн ургамал бүрхэвчэнд өөрчлөлт орж, биологийн олон янз байдал доройтон, зарим төрөл зүйлийн ургамал, амьтан устаж үгүй болох эрсдэл нэмэгдэж байна. Монгол Улсын нийт газар нутгийн 70 гаруй хувь нь хөрсний доройтолд өртөж, бэлчээрийн даац хэтэрсэн байна.

Мөн дэлхийг хамарсан Ковид-19 цар тахлын нөлөөнд ноолуурын салбар хамгийн ихээр өртөж түүхий ноолуурын үнэ 2020 онд 2019 оныхоос дор хаяж 50 хувиар буурчээ. Мөн ноолуурын салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын үйл ажиллагаа удааширч, зарим нь зогсонги байдалд орж ажлын байруудаа хадгалж үлдэхийг хичээн ажилласаар байна.

Дэлхийн зах зээлд хүчтэй өрсөлдөгч байхын тулд олон улсын зах зээлийн шаардлагад нийцсэн түүхий эд, ноолуурын бүтээгдэхүүний чанар стандартыг бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээний бүхий л шатанд баримтлан ажиллах шаардлага тулгарч байна. Тиймээс Монголын Тогтвортой Ноолуурын Платформ үүсгэн байгуулагдаад энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг нэгтгэн уялдуулах, одоо хэрэгжиж байгаа сайн туршлагуудыг дэмжих, харилцан суралцах түүнчлэн цар тахлын үед хохиролыг бууруулахын тулд ‘системийн өөрчлөлтийг’ хэрхэн хийх талаар олон улсын шинжээчдийн зөвлөх багтай хамтран ажиллаж байна.

“МТНП нь 2020 онд тогтвортой байдал, Ковид-19-ын дараах ноолуурын салбарын сэргэлт болон зах зээлд хэрхэн гарах зэрэг сэдвүүдийг өргөн хүрээнд хэлэлцэхэд нэн шаардлагатай байсан талбарыг ноолуурын салбарын төлөөллүүдэд зориулан бий болголоо. МТНП-ын хувьд 2021 он тодорхой алхамуудыг хэрэгжүүлэхэд илүүтэй төвлөрсөн жил байх болно. Монгол Улсыг тогтвортой ноолуурын салбарт олон улсад манлайлагч болгох зорилтын хүрээнд хөрсөн дээр буусан олон талт хамтын ажиллагааны санаачлагуудыг турших цаг нь болсон” хэмээн НҮБХХ-ийн Суурин Төлөөлөгч Илейн Конкиевич арга хэмжээний нээлтийн үеэр хэллээ.

***

НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий НҮБ-ын тэргүүлэх байгууллага юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн сайн сайхны төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах: http://sustainablecashmereplatform.com/

 

Нэмэлт мэдээлэл авах:

Б. Жавхлан | Мэдээлэл, харилцаа хариуцсан менежер  | Монголын Тогтвортой Ноолуурын Платформ  |  Имэйл: javkhlan.bold-erdene@undp.org