Төрийн албаны манлайлагч эмэгтэйчүүд цахимаар чуулав

March 4, 2021

Улаанбаатар, 2021 оны 3-р сарын 4: Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Монгол Улсын Засгийн газар, Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) хамтран төрийн албанд ажиллаж буй эмэгтэйчүүдийн карьер төлөвлөлтөд нь туршлага, мэдлэг нэмэх зорилго бүхий “Төрийн албан дахь эмэгтэйчүүдийн манлайлал” сэдэвт вебинарыг зохион байгууллаа

Тус цахим үйл ажиллагааг Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр НҮБХХ болон Монгол Улсын Төрийн албаны зөвлөл хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд Улаанбаатар хот, 21 аймаг, 330 сумдын төрийн захиргааны албанд ажиллаж буй арван мянга гаруй албан хаагчид зайнаас оролцож, төрийн албаны удирдах албан тушаалд ажиллаж буй таван эмэгтэй туршлага, ололт амжилт, төрийн албан дахь ажил хөдөлмөрийн замналынхаа талаар ярив.  

Вебинарт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэтрин Ивкоф болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илейн Конкиевич нар оролцож эмэгтэй албан хаагчиддаа амжилт хүсэн, мөн өөрсдийн туршлагаас хуваалцав.

“Шийдвэр гаргах түвшин болон удирдах албан тушаалд жендэрийн эрх тэгш байдлыг нэмэгдүүлэх, үүнд тулгардаг тогтолцооны шинжтэй бэрхшээл, хэвшмэл ойлголтыг арилгах замаар төрийн албанд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжсэн дорвитой алхам хийхийг уриалж байна” хэмээн НҮБ-ийн Хөгжлийн Хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илейн Конкиевич арга хэмжээний үеэр хэллээ.

Төрийн захиргаан дах жендэрийн тэгш байдлыг сайжруулах зорилгын хүрээнд тус төслөөс төрийн албан дахь манлайлагч эмэгтэйчүүдийн туршлагыг олонд таниулах, менторшип хөтөлбөр, манлайллын цуврал сургалт, хэлэлцүүлгийг цаашид зохион байгуулах  юм.

***

НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг. Дэлгэрэнгүйг mn.undp.org эсвэл @UNDP хаягаар авна уу.

Хэвлэл, мэдээлэл хариуцсан:

О. Эрдэнэсүх | Мэдээлэл, харилцаа хариуцсан мэргэжилтэн | erdenesukh.otgonbayar@undp.org