Боловсрол, шинжлэх ухааны яамнаас үр дүнд суурилсан төсөвлөлтөөр боловсролын салбарын шинэчлэлийг хэрэгжүүлж байна

June 21, 2021

Эх сурвалж: Боловсрол, Шинжлэх Ухааны яам

2021 оны 6-р сарын 18 - Монгол Улсын төсвийг хөгжлийн тэргүүлэх чиглэлүүд болон ТХЗ-уудтай уялдуулах, өөрөөр хэлбэл үр дүнд суурилсан төсөвлөлтийг хэрэгжүүлэх нь санхүүгийн эх үүсвэрийг бодлогын тэргүүлэх чиглэлд чиглүүлэх, улсын төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд ингэснээр Монгол Улс үндэсний ТХЗ-ууддаа хүрэх боломж бүрдэх юм.

Өнөөдөр, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас үр дүнд суурилсан төлөвлөлт болон төсөвлөлтийн семинарыг ТХЗ-ын санхүүжилтийг нэмэгдүүлэх НҮБ-ын хамтарсан хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр зохион байгууллаа. Семинарыг Боловсрол, шинжлэх ухаааны сайд Л.Энх-Амгалан нээж, боловсролын чанарыг сайжруулахад төсвийн шинэчлэл хийх ач холбогдлыг онцлон тэмдэглэв.

Үр дүнд суурилсан төсөвлөлтийг Боловсрол, шинжлэх ухааны яамны санаачлагаар 2018 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү ажлын хүрээнд боловсролын салбарт зарлагын шинжилгээ хийж, үр дүнд суурилсан төсөвлөлтийн аргачлалыг сургуулийн өмнөх боловсрол, бага, дунд боловсрол болон насан туршийн боловсролын хөтөлбөрүүдэд туршиж эхлээд байна.

Семинарын үеэр, боловсролын салбарын төсөв, санхүүгийн зөвлөх Б.Заяадэлгэр 2022 оны төсвийг төслийг боловсруулахад төсвийн үр дүнгийн үндсэн үзүүлэлтүүдийг шинэчлэх, сургалтын биет орчны төлөвлөлтийг сайжруулах, хөрөнгө оруулалтын зардлыг сурганы шаардлагатай нийцүүлэх талаар санал, зөвлөмжөө танилцуулав. Хэлэлцүүлгийн үеэр төсвийн үр дүнгийн үндсэн үзүүлэлтүүдийг шинэчлэх, сургалтын биет орчны төлөвлөлтийг сургалтын дизайны болон багшлахуйн хэрэгцээнд нийцүүлэх, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг сайжруулах, өөрчлөх саналыг ярилцав. Төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг боловсролын зорилт, үр дүнтэй уялдуулах нь боловсролын салбарт үр дүнд суурилсан төсөвлөлтийг турших үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдийн нэг юм.

Үр дүнд суурилсан төсөвлөлтийг нэвтрүүлснээр улсын төсвийг хөгжлийн зорилт, үр дүнтэй уялдуулах, төсвийн үр ашгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой төдийгүй Монгол Улс ТХЗ-ууддаа хүрэх ихээхэн хувь нэмэр оруулах юм.

Нэмэлт мэдээллийг:

Д. Соёлмаа, Мэдээлэл, харилцааны ажилтан

НҮБ-ын Суурин Зохицуулагчийн Газар

Имэйл: soyolmaa.dolgor@un.org