Монгол Улс “Бизнес ба Хүний эрх” хөтөлбөрийг хэрэгжүүлэх Азийн долоон улсын нэг боллоо

April 29, 2021

Зураг: НҮБХХ

Улаанбаатар – 2021 оны 4-р сарын 29: 2011 онд НҮБ-ын Хүний Эрхийн Дээд Комиссарын Газраас хариуцлагатай бизнесийн зарчмуудыг дэмжих зорилгоор хүний эрхийг хамгаалах төрийн үүрэг, бизнесийн байгууллагын хүний эрхийг хүндэтгэх хариуцлага, зөрчигдсөн эрхийг сэргээх механизм гэсэн гурван тулгуур бүхий “НҮБ-ын Бизнес ба Хүний эрхийн удирдах зарчмууд”-ыг гаргасан. 2020 оноос эхлэн Ковид-19 цар тахлын нөлөөгөөр Монгол Улс болон дэлхийн олон улс оронд төр, нийгэм, бизнесийн хүрээнд хүний эрх зөрчигдөх явдал ихэсч байгаад цаг алдалгүй анхаарч шийдвэрлэх шаардлага тулгарч байна.

Тэгвэл өнөөдөр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Европын Холбооны санхүүгийн дэмжлэгтэйгээр Гадаад харилцааны яам, Бангкок дахь НҮБХХ-ийн Бүсийн төвтэй хамтран хэрэгжүүлж буй “Бизнес ба Хүний эрх: Хамгаалах, хүндлэх, сэргээх механизмаар дамжуулан эдийн засгийн өсөлтийг дэмжих нь” хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа.

Ирэх гурван жилд хэрэгжих энэхүү хөтөлбөр нь “Бизнес ба Хүний эрхийн Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө” боловсруулах, хэрэгжүүлэх ажилд дэмжлэг үзүүлэх замаар НҮБ-ын Бизнес ба Хүний эрхийн удирдах зарчмыг Монгол Улсад нэвтрүүлэх үйл явцыг дэмжих зорилготой. Түүнчлэн хөтөлбөрийн хүрээнд төр, төрийн бус байгууллага, хүний эрхийг хамгаалагчид, иргэний нийгэм, бизнесийн холбоод, худалдаа аж үйлдвэрийн танхимууд зэрэг оролцогч талын мэдлэг, мэдээлэл, чадавх, оролцоог дээшлүүлэхэд чиглэж ажиллана.

Нээлтийн үеэр НҮБХХ-өөс “Хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээний гарын авлага”, “Хүний эрхийн магадлан шинжилгээ:Ковид-19 цар тахлын үед бизнесийн байгууллага өөрийгөө үнэлэх түргэвчилсэн сорил” зэрэг бизнесийн байгууллагад зориулсан хүний эрхийн гарын авлагыг танилцууллаа. Мөн хөтөлбөрийн хүрээнд хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжих зорилготой жижиг төслийн тэтгэлэгт уралдаан 2021 оны 05 дугаар сарын 07 хүртэл зарлагдаад байна.

Хүний эрхийг хүндлэн дээдэлснээр бизнес эрхлэгчид олон улсын хүний эрхийн гэрээ конвенцийн хэрэгжилтийг үндсэн болзол, шаардлагаа болгодог Европын Холбооны GSP+ зэрэг тогтвортой хөгжил, сайн засаглалыг хөгжүүлэхэд чиглэсэн олон улсын эдийн засгийн хөшүүрэг хөтөлбөрт хамрагдан, эдийн засгийн ач тус хүртэх, улмаар урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулах боломж нэмэгдэх ач холбогдолтой.

НҮБХХ-ийн Орлогч Суурин төлөөлөгч Нашида Саттар хөтөлбөрийн нээлтийн үеэр хэлсэн үгэндээ хүний эрхийн эдгээр зарчмыг хэрэгжүүлэх, түүний дотор бизнесийн үйл ажиллагаанаас үүдэн зөрчигдсөн хүний эрхийг сэргээх шүүхийн болон шүүхийн бус механизмыг бүрдүүлэхэд талуудын хамтын ажиллагаа, оролцоо шаардлагатай байгааг онцлон дурьдав.

“Хүний эрхийн эдгээр зарчмын хэрэгжилтийг олон улсад сайжруулах замаар Европын Холбоо бизнесийн байгууллагууддаа таатай орчин бий болгох, мөн хүний эрхийн зөрчлээс урьдчилан сэргийлэх, зөрчлийг шийдвэрлэх механизмыг сайжруулахын төлөө ажиллах болно” хэмээн Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын Дэд Тэргүүн Марко Ферри хэллээ. Мөн тэрээр Монгол Улс эдгээр зарчмыг хэрэгжүүлэх Үндэсний төлөвлөгөөгөө батлах дараагийн улс болно гэдэгт итгэж байгаа гэдгээ илэрхийлээд Европын Холбоо энэ үйл явцад дэмжлэг үзүүлж, мэдлэг туршлагаа хуваалцахад бэлэн байна гэсэн юм.

НҮБХХ-ийн тухай

НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий НҮБ-ын тэргүүлэх байгууллага юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн сайн сайхны төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг.

Дэлгэрэнгүйг mn.undp.org эсвэл @UNDP хаягаар авна уу.

Нэмэлт мэдээллийг:

О. Эрдэнэсүх

Мэдээлэл, харилцаа хариуцсан мэргэжилтэн | НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр | И-мэйл: erdenesukh.otgonbayar@undp.org