ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛД ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ТЭТГЭЛЭГТ ТӨСЛИЙН УРАЛДААН

March 30, 2022

Click here to download English version of announcement.

 

ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛД ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ТЭТГЭЛЭГТ ТӨСЛИЙН УРАЛДААН

ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГУУДЫГ УРЬЖ БАЙНА

А.ҮНДЭСЛЭЛ

Европын Холбооноос Монгол Улсад үзүүлж буй төсвийн дэмжлэгийн хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага хамтран хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, зохистой хөдөлмөрийг дэмжих зорилгоор “Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл нь i) хөдөлмөр эрхлэлтийн салбарт бодлогын шинэчлэл хийн, холбогдох дэмжлэгийг үзүүлснээр хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, ii) нотолгоо, үр дүнд суурилсан бодлого, төсвийн уялдааг хангах замаар төсөв санхүүгийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэхийг зорьж байна.

Төсөл нь дараах үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдэд чиглэж ажиллаж байна. Үүнд:

A. Бодлого, төсвийн уялдааг хангах замаар төсөвлөлтийг боловсронгуй болгох

B. Төсвийн хяналт, ил тод байдлыг сайжруулах

C. Хөдөлмөр эрхлэх чадвар, боломжийг нэмэгдүүлэх

D. Хөдөлмөрийн харилцааны хууль эрх зүйн орчин  сайжруулах

Төслийн хүрээнд төсвийн шинжилгээ, гүйцэтгэлд хяналт тавихад иргэний нийгмийн байгууллагуудын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх, чадавхыг бэхжүүлэх зорилгоор энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг зохион байгуулж байна.  

Б. ТӨСЛИЙН ЧИГЛЭЛ

Тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалтад дараах чиглэлийн төслийн саналыг хүлээж авна:

  • Хөдөлмөр эрхлэлт, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол, зам тээвэр, орон нутгийн төсөв гэх мэт салбаруудад төсвөөс санхүүжиж буй төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд үр дүнд суурилсан төсвийн шинжилгээний аргуудыг ашиглан гүйцэтгэлийн хяналтыг хийж холбогдох тайланг бэлтгэх.   
  • УИХ болон төрийн байгууллагуудтай хамтран бодлогын шинжилгээ хийж улмаар бодлогын зөвлөмж боловсруулан харьяа байгууллагуудад танилцуулах.

В. ӨРГӨДӨЛ ГАРГАГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Төсвийн шинжилгээ хийх чиглэлээр ажилладаг, 3 ба түүнээс дээш жил үйл ажиллагаа явуулж буй ашгийн бус, үндэсний төрийн бус буюу иргэний нийгмийн байгууллагууд энэхүү тэтгэлэгт оролцох боломжтой.

Төрийн байгууллага болон ашгийн төлөө бизнесийн байгууллагууд бие даан өргөдөл гаргах боломжгүй ба зөвхөн өргөдөл гаргагч иргэний нийгмийн байгууллагын санал болгож буй төслийн хамтран гүйцэтгэгчээр орж болно.

Г. ТӨСӨЛД ТАВИГДАХ ШАЛГУУР

НҮБХХ-өөс тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд нийт 150,000,000 төгрөг хүртэлх санхүүжилтийг 10 хүртэлх тооны иргэний нийгмийн байгууллагад (1 байгууллагад дунджаар 10,000,000 - 15,000,000 төгрөг) олгоно.

Санал болгож буй төсөл нь 2022 оны 10 сарын 30 гэхэд хэрэгжиж дууссан байна.

Төслийг дараах шалгуураар үнэлж шалгаруулна:

1.       Өргөдөл гаргагч байгууллагын туршлага, чадавх

2.       Зарласан төслийн чиглэлтэй нийцэж байгаа эсэх

3.       Төлөвлөж буй үйл ажиллагаануудын үр нөлөө

4.       Төслийн тогтвортой үргэлжлэх, түгээн дэлгэрүүлэх боломж

5.       Хэрэгжих хугацаа, төсвийн бодит байдал

Д. ТӨСӨЛ ИЛГЭЭХ ЗААВАР

Сонирхсон байгууллагууд 2022 оны 04 сарын 30-ны дотор доор дурдсан материалыг бүрдүүлэн registry.mn@undp.org хаягаар “Төсвийн гүйцэтгэлд хяналт хийх төслийн тэтгэлэгт уралдаанд” гэж хаяглан ирүүлнэ үү. Нэмэлт тодруулах зүйл байвал дээрх и-мэйл хаягаар холбогдоно уу.  

Бүрдүүлэх материал:

  • Англи хэл дээр бүрэн бөглөсөн төслийн санал. Төслийн саналын маягтыг дараах холбоосоор татаж авна уу: Low Value Grant Agreement Template
  • Байгууллагын гэрчилгээний хуулбар

Зөвхөн шалгарсан байгууллагатай 05 сарын 20-ны дотор холбогдож мэдэгдэнэ.

Е. СУРГАЛТ

Төслийн зүгээс иргэний нийгмийн байгууллагуудад төсвийн гүйцэтгэлийн хяналтын аргачлалын талаарх сургалтыг 04 сарын 15-ны өдөр зохион байгуулах тул сонирхсон байгууллагууд доорх линкээр бүртгүүлнэ үү: Төсвийн гүйцэтгэлийн хяналт сургалтын бүртгэл