“ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО БОЛОВСРУУЛАХ, ХЭРЭГЖҮҮЛЭХЭД СИСТЕМИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГАЧЛАЛЫГ АШИГЛАХ НЬ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

June 4, 2020

2020 ОНЫ 6 ДУГААР САРЫН 2-3

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч

ИЛЕЙН КОНКИЕВИЧ

НЭЭЛТИЙН ҮГ

Эрхэм хүндэт зочид, оролцогчид та бүхэнд,

Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хоёр өдрийн энэхүү цахим хэлэлцүүлгийг зохион байгуулахдаа баяртай байгааг илэрхийлэх ялдамд цахимаар оролцож байгаад гүн талархал илэрхийлье.

Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ)-ыг хэрэгжүүлэх томоохон амлалтаа улс орон даяар тууштай хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байгаад миний хувьд туйлын таатай байна. Хямралтай байсан он жилүүдийг даван туулж Монгол Улсын эдийн засаг дахин эрч хүчээ авч эхэлсэн хэдий ч энэхүү өсөлт эмзэг хэвээр байгааг бид хүлээн зөвшөөрөх учиртай.

Өнгөрсөн жилүүдэд тохиож байсан хямрал төдийгүй хүн төрөлхтөнд нүүрлээд байгаа КОВИД-19 цар тахлын уршгаар эдийн засгийн өсөлт зогсонги байдалд орж ядуурал, тэгш бус байдал, хот, хөдөөгийн ялгаа, эрүүл мэнд, байгаль орчны асуудал зэрэгт цөөнгүй жилүүдийн туршид хүнд сорилт тулгарч болзошгүй юм. Түүнчлэн тогтвортой хөгжлийн ахиц дэвшлийг алдагдуулж улмаар Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд амаргүй нөхцөлийг дагуулахаар байна. Бид хүрсэн түвшнээсээ ухралгүй улам урагш ахихын тулд бүх хүчин чармайлтаа нэгтгэх шаардлага гарч байна.

Тогтвортой хөгжлийн зорилгын 65 гаруй хувийг хэрэгжүүлэхэд орон нутгийн засаг захиргаад онцгой үүрэг гүйцэтгэнэ.1 Дэлхий нийтэд тулгамдаж байгаа сорилт бэрхшээлийг шийдвэрлэхэд орон нутгийн захиргаадын шийдэмгий арга хэмжээ нэн шаардлагатай бөгөөд ТХЗ нь үүний ил тод илэрхийлэл юм. Нийт ТХЗ-ын хэрэгжилтийн хувь заяа орон нутгийн удирдлагын хүчин чадлаас хамааралтай. ТХЗ-ын хэрэгжилт орон нутгийн засаг захиргаадаас ийнхүү ихээхэн хамаарах хэдий ч эргээд ТХЗ нь өндөр чанартай, нэгдсэн, хүртээмжтэй, ирээдүйдээ тэмүүлсэн төлөвлөлт хийх өвөрмөц хамгаалалт болж өгөх тул орон нутгийн засаг захиргаадын хүртэх боломж асар их юм.

Орон нутгийн засаг захиргаадыг өөрчлөлтийн хурдасгуур хүчин болох боломжийг бүрдүүлэхийн тулд орон нутгийн хэрэгцээ шаардлага, хүсэл эрмэлзлэлийг тогтвортой хөгжлийн хөтөлбөртэй нийцүүлэн тэнцвэржүүлэх дэлхийн хэмжээний болон улс үндэстэн, орон нутгийн түвшний туршлага, мэдлэгийн харилцан солилцоог тогтмолжуулах хэрэгтэй. Орон нутгийн байгууллагууд нь хэрэгжүүлэгчийн үүрэг гүйцэтгэх төдийгүй ТХЗ-ыг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлд нь хяналт тавих бүхий л үйл хэрэгт идэвхтэй оролцогч байх ёстой. Орон нутгийн засаг захиргаад нь чадварлаг, хүчирхэг институц болж хөгжсөнөөр дэлхийн хэмжээний болон улс үндэстний хөгжлийн хөтөлбөрийн уялдааг хангах, орон нутгийн түвшинд илүү цогц хөтөлбөрүүдийг хөгжүүлэн хэрэгжүүлэхэд манлайлна.

Дэлхийн хэмжээний зорилгыг улс үндэстнүүд өөрийн болгон “нутагшуулах” нь тийм ч амар хялбар ажил биш юм. Зарим тохиолдолд, орон нутгийн захиргаадад үйл ажиллагааг үндсэн нэгжээс нь эхлэн тодорхойлох, ТХЗ-ын бодлого боловсруулах болон хэрэгжүүлэхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэх боломжийг олгож дэмжихийн тулд улс орнууд засаглалын бүтцээ шинэчлэхэд хүрч байна. Төр засгийн бүх түвшинд ил тод, хариуцлагатай байдлыг хангах хяналтын механизм нь төрийн бодлого хэрэгжиж, хүссэн үр дүндээ хүрэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь засгийн газрын бүх түвшинд ТХЗ, зорилтыг үндэсний болон орон нутгийн хөгжлийн төлөвлөгөө, салбарын бодлого, төсөвт тусган хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Ялангуяа, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь Улаанбаатар хот, Орхон, Завхан аймгийн дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөөг ТХЗ-ууд болон үндэсний хөгжлийн бодлоготой уялдуулан боловсруулж, улмаар эдгээр төлөвлөгөөг ТХЗ-д суурилсан бодлогын арга хэмжээ болох хэд хэдэн төрлийн төслийн хүрээнд хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байна.

Аймаг, орон нутгийн хэмжээнд тулгарч байгаа сорилт бэрхшээлүүд нь бүхий л салбар, оролцогч талууд, нөөц боломжийг хамарч байгаа бөгөөд ялангуяа, орон нутгийн түвшинд туйлын хүнд байгаа тул зохицуулалт сайтай арга хэмжээ авах, асуудлыг системийн хандлагаар шинжлэх хэрэгтэй байна. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс олон улс оронд хөгжлийн тэргүүлэх чиглэлээ илүү шинэлэг арга барилаар, системтэйгээр, шинэчлэн боловсруулж, өөрчлөхөд чиглэсэн дэмжлэгийг үзүүлж байна.

Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь Бангкок хот дахь НҮБ-ын Бүсийн төвийн дэмжлэгтэйгээр Улаанбаатар хот, Архангай, Завхан, Орхон аймгийн Засаг даргын тамгын газруудтай хамтран энэхүү 2 өдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж системийн өөрчлөлтийн шинэлэг аргыг ашиглан орон нутгийнханд тулгамдаж байгаа хөгжлийн асуудлууд, хөшүүргийн цэгүүдийг тодорхойлж улмаар шийдвэрлэх арга замыг томьёолох хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаадаа таатай байна. Нөгөө талаас хувийн хэвшил нь 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэнэ. Монгол Улсын хувийн хэвшил нь нийт эдийн засгийн 80 орчим хувийг үйлдвэрлэн бүтээж байгаа нь ТХЗ-ыг хэрэгжүүлэхэд хэр чухал болохыг харуулж байна.

Энэхүү хэлэлцүүлгийн туршид бид тогтвортой аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх, хөрсний бохирдлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцана. Засгийн газар, хандивлагчид, иргэний нийгмийн байгууллагууд, Монголын арилжааны банкууд аль хэдийнээ ногоон санхүүгийн бүтээгдэхүүн, эко ариун цэврийн байгууламж, орон сууцны дулаалга, цахилгаан халаагуур, ногоон аялал жуулчлалын зээл зэрэг төслүүдийг хэрэгжүүлж ард иргэдэд тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулж байна. Орон нутгийн хөгжил, үндэсний хөгжлийн бодлого, ТХЗ-ын зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь орон нутгийн захиргаадтай хамтын ажиллагааны хүрээгээ хамтран тодорхойлох зорилго тавин ажиллаж байна.

Эрхэм оролцогч, төлөөлөгчдөө,

Дэлхий даяар хэрэгжүүлэхээр хүлээн зөвшөөрсөн Тогтвортой хөгжлийн зорилгуудыг үндэсний болон орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх Монгол Улсын их үйлсийг дэмжихэд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр ямагт бэлэн байгаа гэдгээ илэрхийлж байна. Хөгжлийн төлөөх их үйлсэд “хэнийг ч орхигдуулахгүй” байх үндсэн зарчмаа мартахгүй байхыг дахин нэг сануулаад хэлэх үгээ төгсгөе. Хэлэлцүүлэг үр бүтээлтэй, сургамжтай болно гэдэгт итгэлтэй байна.