“Орон нутгийн хөгжлийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд системийн шинжилгээний аргачлалыг ашиглах нь” хэлэлцүүлэг

June 4, 2020

2020 оны 6 дугаар сарын 2-3-ны өдрүүд

Монгол Улс, НҮБ-ын байр

ХААЛТЫН АРГА ХЭМЖЭЭ

Монгол Улс дах НҮБХХ-ийн Суурин төлөөлөгчийн орлогч Нашида Сатарын хэлсэн үг

Энэхүү сургалт хэлэлцүүлгийн хаалтын арга хэмжээнд оролцож байгаадаа миний бие баяртай байна. Энэ бол томоохон амжилт юм.

Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл сорилтын улмаас улам их хүчин чармайлт гаргахыг биднээс шаардаж байна. Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийн 65 хувь нь орон нутгийн засаг захиргааны идэвхитэй үүрэг, оролцооноос шууд хамааралтайг Суурин төлөөлөгч Илейн Конкиевич нээлтийн үгэндээ онцлон тэмдэглэсэн билээ.

Дэлхийн нийтэд тулгарч буй хүндрэл, бэрхшээлийг үл харгалзан Та бүхэн төлөвлөгөөгөө нэгтгэн боловсруулж чадсанд миний бие туйлын баяртай байна.

Түншлэгч байгууллагууд болох ЗГХЭГ, Сангийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Барилга, хот байгуулалтын яаманд талархалаа илэрхийлэхийг хүсч байна.

Та бүхний идэвхитэй оролцоо, хамтран ажиллах хүсэл сонирхолын үр дүнд төлөвлөгөөг амжилттай боловсрууллаа. Үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулахад идэвхийлэн оролцсон, хамтран ажиллах сонирхолоо илэрхийлсэн Улаанбаатар хотын Засаг даргын тамгын газар, Орхон, Завхан, Архангай аймгийн ЗДТГ, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлд онцгойлон талархал илэрхийлье.

Монгол Улсад ТХЗ-ыг хэрэгжүүлэх, орон нутгийн өмнө тулгарч буй сорилт бэрхшээлийг даван туулах хамтын шийдлийг олох хүсэл эрмэлзэл бүрэн дүүрэн байгаагийн илэрхийлэлийг Та бүхэн харууллаа.

Төслийн үзэл баримтлалыг санаачилан эхлүүлсэн, төлөвлөгөөг чиглүүлсэн бидний хамтран зүтгэгч Патрик Дуонг болон Бангкок дах НҮБХХ-ийн Бүсийн төвийн багийн хамт олондоо мөн талархаснаа илэрхийлэхэд таатай байна.

Эцэст нь олон улсын болон орон нутгийн чиглүүлэгч нар, Монгол дахь НҮБХХ-ийн багийн хамт олондоо мөн талархал илэрхийлье.

Техникийн ялимгүй саатлыг эс тооцвол сургалт хэлэлцүүлэг амжилттай болж, шинэлэг аргачлалд суралцах сайхан боломжийг олголоо гэж дүгнэвэл та бүхэн санал нийлнэ гэж найдаж байна.

Тогтвортой хөгжлийг эрчимжүүлэхийн тулд Монгол дахь НҮБХХ-ийн хувьд, илүү шинэлэг системийн шинжилгээний аргачлалыг ашиглан хөгжлийн чиг хандлагаа эргэн харж, өөрчлөхөд нь Монгол Улсад, ялангуяа, УБ хот, орон нутгийн засаг захиргаад, аймгуудад үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй байна.

НҮБХХ-ийн Бангкок дах Бүсийн төвийн дэмжлэгтэйгээр Монгол Улс дахь НҮБХХ нь өнөөдөр Та бүхний эхлүүлсэн хөгжлийн зорилгыг бодит ажил болгоход Засгийн газар, УБ хот, Архангай, Завхан, Орхон аймагтай хамтран ажиллах эрмэлзэл дүүрэн байгаагаа илэрхийлье.

Та бүхэнд сургалт хэлэлцүүлэгт идэвхтэй оролцсонд дахин талархлаа илэрхийлэхийн ялдамд ТХЗ-ыг хэрэгжүүлэх үйлсээ үргэлжлүүлэн, тогтвортой ахиц дэвшил гаргахыг хүсэн ерөөе.