Сайн байна уу, Эрхэм хүндэт УИХ-ын дэд дарга, гишүүд, төрийн байгууллагуудын удирдлагууд болон улс төрийн намуудын удирдлага, зочид, илтгэгчдээ.

Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайллын форумд оролцож үзэл бодол, итгэл үнэмшил, хувийн туршлагаасаа хуваалцахаар цугласан та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

НҮБ 2030 он хүртэл хэрэгжүүлэх Тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад дэлхийн улс орнуудыг засгийн газарт дэмжлэг үзүүлж ажиллаж байгаа билээ. Энэ үйл ажиллагааны хүрээнд манай байгууллага 2024 он хүртэл хугацаатай БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийг хэрэгжүүлж байна.

Тус төсөл шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх үүднээс хууль эрх зүйн орчныг сайжруулах, улс төрийн карьер сонгоход эмэгтэйчүүдэд тулгардаг бүтцийн болон бусад сорилтыг даван туулахад дэмжлэг үзүүлэх механизмыг бэхжүүлэх, жендерийн тэгш байдлын талаар олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллаж байна.

Энэ нь Монгол улсад ТХЗ-ын жендэрийн тэгш байдлыг хангах (зорилт 5), тэгш бус байдлыг бууруулах (зорилт 10), энх тайван шударга ёсыг цогцлоох (зорилт 16)-д дэмжлэг болж байгаа юм. 

Өнөөдөр бид “ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН УЛС ТӨРИЙН МАНЛАЙЛЛЫН ФОРУМ: ТӨЛӨӨЛӨЛ БА МӨНГӨ” хэлэлцүүлгээр улс төрийн шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн төлөөлөл яагаад нэмэгдэхгүй байгаа, үүнд мөнгө хэрхэн нөлөөлж байгаа, цаашид шударга, тэгш, өрсөлдөөнт улс төрийг бий болгох боломж, сайн туршлагыг хэлэлцэхээр цуглараад байна.

Улс төр бол цор ганц эрэгтэйчүүдийн салбар биш, нас, хүйс, арьс, өнгө, угсаатны бүх төлөөлөл оролцож байж хамтдаа шийдвэр гаргадаг талбар. Харамсалтай нь улс төрийн шийдвэр гаргах түвшин дэх төлөөллийг сонгоход мөнгө нэлээд хүчтэй нөлөөлж байна. 

Улс төр бол өрсөлдөөн, өрсөлдөөн шудрага байх ёстой. Өрсөлдөөнд ялалт байгуулахын тулд мөнгийг хяналтгүй, хязгааргүй ашиглах нь шударга бус байдлыг өөгшүүлдэг. Тиймээс дэлхий даяар улс төрийг шударга, өрсөлдөөнтэй, хүний эрхийг дээдэлсэн, төлөөллийн олон хэлбэртэй болгохыг эрмэлзэж байна. 

Монгол улс 1990 оноос хойш нээлтэй, өрсөлдөөнт сонгуулиар төрийн эрх барих дээд байгууллагаа сонгож байгуулаад 30 жил өнгөрчээ. УИХ дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл нэмэгдэж байгаа ч дөнгөж 17 хувьтай байна. Энэ нь дэлхийн дунджаас 8 хувь, Азийн дунджаас 4 хувиар бага байна. Улс төрд, сонгуульд зарцуулж байгаа мөнгийг хянаж чадахгүй байгаа. 2020 оны УИХ-ын сонгуулиар ялалт байгуулж сонгогдсон 76 гишүүн сонгогдоогүй 530 нэр дэвшигчээсээ 3,6 дахин их мөнгө зарцуулсан байгаа анхаарал татаж байна.

Цаашид улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэхийн тулд сонгуулийн тогтолцоог өөрчлөх; улс төрийн намуудын жендэрийн мэдрэмжийг сайжруулах; эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэх, томилох асуудлаар намын улс төрийн хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх; эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлж байгаа намуудыг санхүүгийн аргаар урамшуулах; эмэгтэй нэр дэвшигчдийн зардлыг хуваалцах зэрэг олон арга замыг хэрэглэх боломжтой. 

Яг одоо Монгол Улсын Их Хурал улс төрийн намын тухай хуулийг шинэчлэхээр ажиллаж байна. Жендэрийн тэгш байдлыг дэмжсэн төрийн санхүүжилтийн асуудлыг  шинэчилж батлагдана гэдэгт итгэлтэй байна.  Үргэлжлээд сонгуулийн тухай хуулийг шинэчлэх асуудал яригдах байх. Тэр үед та бүхэн тогтолцоог өөрчлөх, сонгуулийн зардлыг бууруулах, санхүүжилт босгох шинэ аргыг батлах, хяналтын тогтолцоог сайжруулах талаар ярилцана гэдэгт итгэж байна.

Хуралд модератор, панелистаар ажиллаж байгаа УИХ-д суудалтай МАН, АН, ХҮН, бусад улс төрийн намууд, ИНБ-ын төлөөлөгчид, судлаачдад талархал илэрхийлж амжилт хүсье. 

Баярлалаа.

 

UNDP Around the world

You are at UNDP Mongolia 
Go to UNDP Global