“Миний ертөнцийг үзэх үзлийг хүү маань өөрчилсөн. Хүүхдээ ялгаварлан гадуурхагдаж байгааг эх хүний хувьд харах маш хэцүү. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүд бүгд энэ замыг туулдаг байх. Тэдгээр эцэг, эхчүүдийн ихэнх нь уур, уцаартай болчихсон байдаг. Тэд хүүхдээ хөгжүүлэх гэж бүхий л талаар тэмцдэг ч нийгмийн амьдралтай тулаад ирэхийн цагт тэмцэл нь үр дүнгүй болдог. Тиймээс л би энэ нийгмийн хандлагыг өөрчлөх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон” гэж ярих эмэгтэйг Ш.Мөнхцэрэн гэдэг. Тэрээр 4 хүүхдийн ээж мөн завгүй төрийн албан хаагч эмэгтэй. Тэрээр бага хүүгээ одоогоос 16 жилийн өмнө төрүүлжээ.

“Олон эцэг, эхчүүд саяхныг хүртэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ олноос нуудаг байлаа. Эдгээр хүүхдүүд төрсөн цагаасаа эхлээд л ялгаварлан гадуурхалтад өртөж байдаг. Намайг төрөхөд хүлээн авсан эмч дауны синдромтой хүүхэд гэдгийг хараад л шууд мэдсэн. Энэ талаараа мундаг эмч байсан л даа. Гэвч тэр эмчийн хандлага нь буруу байсан. Амаржсан эхчүүд эмнэлгээс гарах гээд бүгд л догдлон хүүхдүүдээ нярайн эмчид үзүүлэх гээд хүлээж суутал эмч гэнэт л “та хоёр гарахгүй ээ, манай өрөөнд яваад очоорой ” гэсэн.  Юу болсныг мэдэлгүй гайхсаар эмчийн өрөөнд яваад очтол “яах гэж ийм олон жилийн дараа хол зайтай төрдөг юм бэ, яах гэж ийм хүүхэд төрүүлж байгаа юм бэ” гэж хэлсэн. Би тухайн үед юу хэлж байгааг ойлгоогүй. Ямар хүүхэд төрсөн юм бэ гэхэд эмч “наадах чинь оюуны ухааны хомсдолтой гэсэн үг” гэж хэлсэн. Дөнгөж төрсөн эхэд тэгж хүндээр хэлж болохгүй л дээ. Худлаа ч гэсэн “чи хүчтэй болохоор чамд ийм хүүхэд заяажээ” гэж хэлж болох л байсан шүү дээ гэж дараа нь боддог юм. 

Нөхөр маань эмнэлгийн гадаа цэцэг бариад бид хоёрыг хүлээж байлаа. 

Энэ мэдээг сонсоод хүүтэйгээ бид хоёр эмнэлгээс гаралгүй тэндээ үлдсэн. Гурван шөнө би тасралтгүй уйлсан. Тэр үед “та хоёр зүгээрээ, энэ чинь байдаг л хүүхэд, сайн асарч, бойжуулчихвал ирээдүйд өөрөө биеэ даагаад л явчихна” гэдэг үгийг нэг ч эмч, асрагч  тэгэхэд надад хэлээгүй. 

Би өөрийн амьдралдаа амсаж туулсан энэ хүнд үеийг өөртэйгээ адил дараа, дараагийн ээжүүдэд мэдрүүлмээргүй байна. “Хямардаг юм билээ. Гэхдээ тайван байгаарай” гэдэг үгийг тэдгээр ээжүүдэд үргэлж хэлэхийг хүсдэг.” гэж Ш.Мөнхцэрэн өөрийн амьдралын түүхээсээ хуваалцлаа. 

Эцэг, эхчүүдийг  дэмжихийн тулд нийгмийн хандлагыг өөрчлөх ёстой. Үүнд хүн бүр оролцоо хэрэгтэй гэж тэрээр ярилаа. Түүнд тохиолдсон энэ явдал түүний ертөнцийг өөрчлөөд зогсоогүй нийгмийн хандлагыг өөрчлөх улмаар даунтай хүүхдүүдийн нийгмийн сайн сайхны төлөөх ажилд манлайлал үзүүлэх их ажил үйлсэд түүнийг хөтөлсөн юм. 

Хүүгээ энгийн хүүхдүүдтэй хамт цэцэрлэгт сургасны дараа тэрээр ямар сургуульд оруулах тухай дахиад л бодолд автаж эхэлсэн. Ингэж байхдаа тэрээр Английн нэгэн эмчтэй холбогдож зөвлөгөө авчээ. Тэр эмч “хүүхдээ ердийн хүмүүсийн дунд байлга” гэсэн зөвлөгөөг өгчээ. Гэвч ердийн сургуульд өгөхөд хүү нь ярьж чадахгүй тул дахиад л асуудал тулгарч байв. Ингээд хүүтэйгээ адил бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эхийн төлөөлөлтэй ярилцаж, санаачилж  ердийн сургууль дээр тусгай хэрэгцээт хүүхдүүдийн ангийг нээжээ. Гэвч ердийн сургууль дотор “тусгай анги” нээлээ гэх шалтгаанаар Нийслэлийн Боловсролын газраас тус сургуулийг торгохоор иржээ. 

Нийгмийн алдаа, дутагдалтай бодлогыг засаж залруулж, хүнлэг, иргэнд ээлтэй орчныг бүрдүүлэхийн төлөө тэмцсэн хүмүүсийн нэг бол Ш.Мөнхцэрэн юм. 

Тэдний санаачилсан энэ анги өнөөдрийг хүртэл тав дахь жилдээ хичээллэж байна. Энэ анги бол Улаанбаатар хотдоо хамгийн анхны бөгөөд хамгийн удаан хугацаанд хичээллэж буй ердийн сургалттай дунд сургууль дахь тусгай хэрэгцээт хүүхдүүдийн цорын анги юм. 

Өнөөдөр тэр ганцхан дауны синдромтой хүүгийнхээ төлөө бус  хэнийг ч алагчлахгүй байх, бүлэг хүмүүсийн доторх ялгааг хүлээн зөвшөөрөх гээд нийгмийн шударга ёсны төлөөх тэмцэгч хэдийнээ болжээ. 

Ш.Мөнхцэрэн багаасаа эдийн засгийн ухааныг сонирхдог охин байсан. Мөрөөдөлдөө хүрч тэрээр эдийн засгийн ухааны докторын зэргийг хамгаалж ШУА-ны хүрээлэн, Сангийн яам, Нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээс өдгөө Засгийн газрын хэрэг эрхлэх газарт Салбарын удирдлага, зохицуулалтын газрын даргыг ажлыг хашиж байна. 

Амьдралд тохиолдсон олон саад бэрхшээлийн даван туулахдаа тэрээр ажил, мэргэжлийн карьераа орхиогүй. Амьдралдаа амжилт гаргана гэдэг бол ажилдаа ч амжилт гаргахын нэр гэж тэр хэлдэг.Өөрийн амьдралын болоод ажлын туршлага, мэдлэгээсээ тэрээр хэзээд, хэн нэгэнтэй хуваалцаж бусдад туслахыг хүсдэг. Бас тэр бусдаас үргэлж суралцаж явдаг нэгэн. 

“Би ажлаа хийхийн хажуугаар судалгааны ажлуудыг сонирхож явдаг. Судалгаа сайн байна гэдэг цаашдын зорилтыг тодорхойлоход үр дүнтэй. Манай төрийн албан хаагчдын хувьд судалгааг дутуу хийгээд байдаг юм байна.  Гарч байгаа статистик мэдээлэлд дүн шинжилгээ хийх чадвар хаана, хаанаа дутагдалтай байна. Тиймээс төрийн албан хаагч бүр аливаа ажлыг хариуцаж ажиллаж байдаг. Тэр ажил дээр статистик тооноос гадна дүн шинжилгээ хийх ур чадвар дээрээ анхаарч ажиллах хэрэгтэй. Энэ нь өөрөө тухайн асуудлаар тулгамдаж байгаа цаашдын зорилтыг тодорхойлоход үр дүнтэй. Бодлогын дүн шинжилгээ хийх ур чадвар хүн бүрд л хэрэгтэй ур чадвар юм байна гэж би боддог” гэж хэлсэн юм.

Монгол Улсын төрийн албаны 2020 оны жилийн тайлангаас үзвэл төрийн албан хаагчдын 61,5 хувь нь эмэгтэйчүүд боловч, үүнээс удирдах албан тушаалд 24 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь жендерийн тэнцвэр алдагдсаныг харуулж байна. 

Иймээс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төсөл, Төрийн албаны зөвлөл, Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан хамтран “Төрийн албан дахь эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлсэн билээ. 

Бидний нийтлэлийн гол баатар Ш.Мөнхцэрэн уг хөтөлбөрт, /ментор дэд хөтөлбөрт/ хамрагдсан төгсөгчдийн нэг юм. Төрийн албанд 29 жил 6 сар ажиллаж байгаа туршлагатай тэрээр төрийн захиргааны албанд 25 дахь жилдээ ажиллаж байна. 

 Түүний хувьд урьд өмнө нь энэ төрлийн хөтөлбөрт хамрагдаж байгаагүй. Гэвч тэрээр жендерийн асуудлыг сонирхож, анхаарч ажилладаг. Түүнд хөтөлбөрт хамрагдах санал тавихаар нь яагаад болохгүй гэж бодоод энэ удаагийн ментор хөтөлбөрт хамрагджээ.

Төрийн албан хаагч эмэгтэйчүүдэд зориулсан “Манлайллын хөтөлбөр” нь  “Чиглүүлэх” (Mentorship) болон Дасгалжуулах (Coaching), ур чадварыг хөгжүүлэх дэд хөтөлбөрүүдээс бүрдсэн юм.

Манлайлал гэхээр дарга болох тухай ойлгож болохгүй. Хамт олон дунд дарга биш ч гэсэн манлайлаад явчихдаг олон эмэгтэйчүүд байдаг шүү гэж тэрээр ярив. Төрийн албан хаагч эмэгтэйчүүд нэгэн хэвийн урсгалд орчихсон байдаг юм билээ.  Гэтэл хоорондоо туршлага солилцох, нээлттэй байх талаасаа энэ хөтөлбөр үгүйлэгдэж байсан орон зай нөхөж өгч чадсан. Энэ хөтөлбөр дууссан ч холбоотой байна шүү, уулзаж ярилцана шүү гэсэн сэтггэгдлүүд их байлаа. Өөр менти нар ч холбогдож уулзаж, цаашид ярилцахыг хүсэж байсан. 

“Эмэгтэй хүн угаасаа л гэрийн ажил хийж байх ёстой гэсэн уламжлалт жендерийн ойлголт маш хүчтэй байна. Эмэгтэйчүүд маань  ч энэ ойлголтыг хүлээн зөвшөөрчихсөн хандлагатай байдаг. Үүний улмаас өөртөө итгэх итгэл нь сулхан байдаг. Гэхдээ одоогийн залуусын хандлага их өөр болсон нь харагдаж байна. Харин бидний дунд үеийнхний хувьд уламжлалт хандлагаасаа бүрэн гарч чадаагүй явж байна” гэж тэрээр ярилаа. 

Би ЗГХЭГ-ын газрын дарга гэхээсээ илүү хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд, эцэг, эхчүүдэд илүү манлайлал харуулна. Энэ бүхнийг зохицуулах нь гэдэг яах аргагүй ажил, амьдралын тэнцвэрийг төлөвлөөд сурчихдаг. Энэ тэнцвэрийг барьж чадаж байгаа эмэгтэйчүүд бүрийг л би манлайлагч гэж харж байна

Эмэгтэйчүүдийн жендерийн хандлагыг өөрчлөх бус эрэгтэйчүүдийн жендерийн тухай хандлагыг өөрчлөх ёстой. Ингэхийн тулд эцэг эхчүүд хүүхдүүдээ  хүмүүжүүлэхдээ л энэ тухай ойлголтыг зөв тайлбарлахаас эхлэх ёстой гэж тэр бидний уулзалтын ярианы төгсөлд хэлсэн юм. 

UNDP Around the world

You are at UNDP Mongolia 
Go to UNDP Global